Ж.Батсуурь: Оюутнууд жилийн таван хувийн хүүтэй зээлийг энэ сарын дундаас авч эхэлнэ
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.10.07

Ж.Батсуурь: Оюутнууд жилийн таван хувийн хүүтэй зээлийг энэ сарын дундаас авч эхэлнэ

Оюутнууд энэ сараас эхлэн сургалтын төлбөрийн зээл авах боломжтой болсон. Уг шийдвэрийг энэ сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар гаргасан бөгөөд БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өөрчилж, “Боловсролын зээлийн сан” болгосон.

Оюутнууд энэ сангаар дамжуулан сургалтын төлбөрийн зээл авах боломжтой юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнууд сургалтын төлбөрөө ямар байдлаар зээлэх боломжтой вэ. Та тодорхой мэдээлэл өгнө үү?

Манай салбараас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан томоохон зорилтыг хэрэгжүүлсэн шийдвэр гаргаж, оюутны хөгжлийн зээл олгох харилцааг зохицуулсан журам баталлаа. Ингэснээр оюутнууд сургалтын төлбөрөө бага хүүтэй зээлээр, хөнгөлөлттэй авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оюутнууд болон тэдний ар гэрийнхнийг төлбөрийн дарамтгүй байлгахаар тусгасан нь ийнхүү бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Зээлээр дамжуулан өрхийн зардлыг бууруулахаас гадна их, дээд сургуулиудын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм.

Оюутны зээлийг “Боловсролын зээлийн сан” арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлнэ. Ингэхдээ тухайн оюутан банкнаас зээлээ аваад шууд сургуулийнхаа данс руу шижлүүлэх юм.

Зээлийг дотор нь хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэж ангилж байгаа. Хүү бууруулах гэдэг өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрөө төлсөн бол үүнийг оюутны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин богино гэдэг нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан нэг жилийн хугацаатай зээл авбал таван хувийн хүүтэй байна гэсэн үг. Мөн ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Урт хугацаатай зээл байж болно.

Сургалтын төлбөрийн зориулалтын зээлээ арав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлнө. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгссөнөөс хойш 4-6 жилийн хугацаанд ажил хийж байж зээлээ буцааж төлнө гэсэн үг. Энэ хугацаанд таван хувийн хүүгээ жил бүр төлнө. Тэгэхээр сард найм орчим мянган төгрөг төлөхөөр байгаа юм.

-Гурав ба түүнээс дээш оюутантай бол нэгийг нь төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу хэчнээн оюутан төлбөрөөсөө чөлөөлүүлэхээр байгаа вэ?

Гурав ба түүнээс олон хүүхэд их, дээд сургуульд зэрэг суралцдаг бол нэг хүүхдэд нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Улсын хэмжээнд төлбөрөөсөө чөлөөлөгдөх 1500 орчим оюутан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

- Төлбөрийн зээлийг хэчнээн оюутанд олгох тооцоо гарсан бэ. Зээл хүссэн оюутнуудад тодорхой шаардлага тавьж таарах байх?

70 орчим мянган оюутанд олгох болможтой гэж тооцож байгаа. Энэ нь үндсэндээ сургалтын төлбөрийн зээл шаардлагатай оюутнуудыг бараг 100 хувь хамруулна гэж тооцсонынх л доо. Хамгийн чухал нь зээл хүсэгч оюутан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх ёстой.

Өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургуулиас 75 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн суралцагчийн голч дүн 2.0-оос дээш гэж зааж өгсөн. Энэ бол дундаж үзүүлэлт учраас хамрах хүрээ өргөн байх болов уу.

-Энэ зээл зөвхөн бакалавраар сурч байгаа хүмүүст хамаатай юу. Түүнээс дээш зэрэгтэй оюутнуудад хамаарах уу?

Энэ удаад бакалавраар сурч байгаа хүмүүсийг оюутны зээлд хамааруулахаар заасан. Магистр, доктронтурт сурдаг хүмүүс нэгдүгээрт, харьцангуй цөөн.

Хоёрдугаарт, тэд ямар нэгэн мэргэжил эзэмшчихсэн буюу мэргэжлээ ахиулах гэж байгаа учраас санхүүгийн чадавхтай болсон байна гэж тооцож байгаа юм. Тэгэхээр бид суурь мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

-Оюутнууд шаардлагатай хэмжээний зээлээ аваад байх боломжтой юу. Эсвэл заавал бүтэн жилээр ч юмуу авах ёстой юу?

Жил тус бүрээр зээл аваад явах боломжтой. Бүр нэг семистр буюу хагас жилээр сургалтын төлбөрөө зээлж болно. Тэгэхээр тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд жилд хоёр саяыг зээлбэл дөрвөн жилийн дараа 10 сая болно.

Харин энэ арван саяа нэг дор авчихаад хүү төлөөд явна гэсэн ойлголт биш. Дамжаа ахих бүртээ тааруулаад зээлээ аваад явж болно гэсэн үг. Мэдээж суралцах хугацаандаа ямар нэг нөхцөл бололцоо гарвал зээлээ эргэн төлөөд яваад байж болно.

-Энэ зээлийг хэрэгжүүлэхийн тулд хэчнээн төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бэ. Ямар байдлаар санхүүжүүлэхээр байна вэ?

2016 оны төсвийн тодотголын хүрээнд 90 тэрбумыг суулгасан. Тэгэхээр журам бэлэн болонгуут оюутнууд зээлээ аваад явах боломжтой. Хөрөнгөө төвлөрүүлсэн, бэлэн байгаа гэж ойлгож болно. Харин ирэх оны төсөвт 100 тэрбумыг суулгахаар Засгийн газарт саналаа өгчихөөд байна.

Энэ мөнгө бол ирэх онд зээлээр суралцах оюутнуудын хүсэлтийг хангахад хүрэлцээтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэд хүүхдээ сургахын тулд жилд 25-30 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч байна. Тиймээс энэ байдлыг бид аль болох уян хатан байдлаар шийдэхээр зорьж байгаа нь энэ.

-Тэгэхээр жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авч байна гэсэн үг үү?

“Боловсролын зээлийн сан”-д улсын төсвөөс эхний 2-3 жилд мөнгө төвлөрүүлнэ. Үүнээс цааш зээлийн эргэн төлөлт явах учраас эргэлтийн сан үүснэ гэж үзэж байгаа.

Цаашдаа энэ сан улсын төсвөөс татаас авахгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа.

-Сургалтын төлбөрийн зээлээр сурч төгссөнөөс хойш 4-6 жилийн дотор эргүүлэн төлөх боломжтой гэж байна. Зээлээр төгсөгчийн хариуцлагын тогтолцоог ямар байдлаар зохицуулах вэ. Эргэн төлөгдөх хугацаанд эрсдэл үүсэхгүй гэх баталгаа бий юу?

Хоёр тал мэдээж гэрээ байгуулна. Ингээд банкууд ч гэсэн тухайн хүнээ судалсны үндсэнд зээлээ олгож таарна. Тиймээс Банкны тухай хуулиараа зохицуулагдаад явна.

Энэ зээлийг хэрэгжүүлэхийн тулд банкууд манай журамтай танилцаад саналаа ирүүлнэ. Үүний үндсэнд хамтын гэрээ байгуулж ажиллах юм. Арилжааны биш бага хүүтэй зээл шүү дээ. Тийм учраас эрсдэл багатай гэж тооцож байгаа.

-Засгийн газар шийдвэрээ гаргасан учраас оюутнууд өнөөдрөөс эхлээд зээлд хамрагдах хүсэлтээ гаргавал шийдэх боломжтой юу?

Засгийн газрын тогтоол гарсны дагуу манай яамнаас журам батална. Энэ журам бэлэн болсны дараагаар албажуулах тодорхой хугацаа байдаг. Үүний дараагаар энэ үйл ажиллагааг зохион байгулахтай холбоотой Сангийн сайд, БСШУСын сайд нарын шийдвэр гарна.

Үүний зэрэгцээ арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар ямар банк оюутны хөгжлийн зээл олгох вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр бэлтгэл ажил бүрэн дуусч, энэ сарын дундаас эхлэн оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авч эхлэх боломж бүрдэнэ.