Монголын багш нар баярын өдрөө 50 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэв
2016.10.05

Монголын багш нар баярын өдрөө 50 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэв

"Монголын багш нарын өдөр"-ийг 50 дахь жилдээ УДБЭТ-т болж, “Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль”-ийг шалгаруулан өргөмжлөл гардуулав. 

Багш нарын баярын ёслолыг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагчдын хамт “Багшаа дуулъя” дуугаар нээсэн юм.  Эл дууг БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш нарын сүлд дуу болгож буйгаа зарлалаа. Дууны шүлгийг СГЗ Ж.Бадраа, хөгжмийг УГЗ Ш.Эрдэнэбат нар хамтран бүтээжээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш нарт зориулж мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэж эхэлсний 50 дахь жил зэрэг үйл явдал тохиож байна. 1921 оны 8 дугаар сарын 14-нд Ардын Засгийн газар анхны сургууль байгуулахаар шийдвэрлэж, 11 дүгээр сарын 20-нд Хүрээний бага сургууль байгуулснаар боловсролын салбарын анхны үндэс суурийг тавьж, боловсролын салбар хөгжих нөхцөл бүрдсэн билээ. Монголын шинэ цагийн боловсролын байгууллагын 95 жилийн түүхэн замнал нь бахархам амжилтаар дүүрэн он жилүүд байв.

Үүний баталгаа нь Монгол Улс XX зуунд хүн амаа бичиг үсэгт бүрэн тайлж, эрдэм соёлын гэрэл түгээж, бүх шатны боловсролд шинжлэх ухааны тогтолцоо бүрдүүлж,  монгол хүний оюун ухаанаар бүтсэн шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлж ирсэнд оршиж байна.

Монголын боловсрол шинжлэх ухааны амжилт бүтээлийг бий болгож, ирээдүй хойч үеэ тасралтгүй бэлтгэж байгаа эрдмийн хөтөч эрдэмтэн, багш, судлаач, албан хаагч та бүхэн монгол түмний бахархал гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ. Багш нарын баярын ёслолын ажиллагааны үеэр тэргүүний сургууль, цэцэрлэг, багш нараа шагнаж урамшуулав.

 2016 оны “Оны тэргүүний багш”-аар Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон, Багануур дүүргийн Боловсрол сургуулийн бага ангийн багш Б.Ундрал, ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Баатархүү, АШУҮИС-ийн багш Н.Баясгалан, Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс нар шалгарсан бол  “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан” цэцэрлэг, Увс аймгийн Улаангом сумын Ц.Пагмаа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг шалгарав. 

“Улсын тэргүүний сургууль”-иар Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори 1 дүгээр сургууль, Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори 1 дүгээр сургууль, Өвөрхангай аймгийн Н.Энхтуяа захиралтай Орхон цоцголбор сургууль шалгарлаа.