Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд
2016.10.06

Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд

Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийг боловсруулахдаа,

- Үйл ажиллагааны хөтөлбөрөө үе шаттайгаар хэрэгжүүлэх

- Шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээ нэмэхгүй

- Оюу толгой төслийн далд уурхай, Таван толгой, Таван толгойн цахилгаан станц, ДЦС-3 өргөтгөл, Гацуурт зэрэг томоохон төслөө эрчимжүүлэх

- Төрийн өмчит компаниудын менежмент, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

- Шинэ объект барихгүй

- Гадаадын зээл тусламжийг үр ашигтай зарцуулна гэсэн зарчим баримталж байгаа юм. 

2016 оны 9 дүгээр сарын 30-нд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, 10 дугаар сарын 6-нд анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Үүнтэй холбоотойгоор уг хуулийн төсөлд тусгасан Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хүргэе. 

Мөнгөний нийлүүлэлт, сая төгрөгөөр

Мөнгөний голлох үзүүлэлтүүд буурсан нь эдийн засаг, бизнесийн идэвхжил саарсантай холбоотой. 2015 оны 12 дугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 11,7 их наяд төгрөгт хүрсэн. Монголбанк бодлогын хүүгээ 1 нэгжээр бууруулснаар аж ахуйн нэгжийн зээл 3,2 хувь, иргэдийн зээл 11 хувиар буураад байна.  Чанаргүй зээлийн хэмжээ 824 тэрбум төгрөгт хүрсэн. Уул уурхай, олборлолт, бөөөний болон жижиглэнгийн худалдаа, машины засвар үйлчилгээний салбарын чанаргүй зээл нийт чанаргүй зээлийн 59 хувийг эзэлж байна. 

Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, сая ам.доллар

2015 оны 6 дугаар сард Засгийн газраас 1.0 тэрбум юаньтай тэнцэх Дим Сам бонд гаргасан, Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар 500.0 сая ам.долларын үнэт цаас гаргасан нь санхүүгийн дансан дахь орох урсгалыг нэмэгдүүлсэн.

Гэвч Худалдаа хөгжлийн банк 2012 онд гаргасан 325.0 сая ам.доллартай тэнцэх үнэт цаасны үндсэн төлбөрийг төлсөн, Монголд орж ирэх шууд хөрөнгө оруулалт 68.2 хувиар буурч 121.5 сая ам.доллар болсон нь санхүүгийн дансны ашиг буурахад голлон нөлөөллөө.

Мөн бусад хөрөнгө оруулалтын хувьд бусад секторын гадаад зээлийн ашиглалт буурсан, худалдааны зээлийн алдагдал 1.2 дахин нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш

2015 онд Монголбанкнаас валютын захад 838,9 сая ам.доллар, 2 тэрбум 789,4 сая юанийн нийлүүлэлт хийсэн байна. 

Гадаад валютын албан нөөц, сая ам.доллар

Гадаад валютын нөөц 1,3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 19,8 хувиар буурсан.

Монголбанкны худалдан авсан алт, оны эхнээс өссөн дүнгээр, тн

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тн буюу өмнөх оноос 18.2 хувиар өслөө. Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийсэн нь алт тушаалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. 

Эдийн засгийн өсөлт, 2010-2016 он, хувиар

Уул уурхайн салбарын хувьд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсантай холбоотойгоор төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх онтой харьцуулахад төдийлөн өсөхөөргүй байна. Оюутолгой ордын баяжмалын хэмжээ 2016 онд 12.5 хувиар өсөх төлөвтэй байгаа ч зэсийн баяжмалд агуулагдах цэвэр алт, зэсийн агууламжийн бууралтаас хамаарч 2016 онд уул уурхайн салбар 6.9 хувиар буурахаар байгаа юм.

Инфляцийн түвшин, эхний 8 сарын гүйцэтгэл

2016 оны 8 дугаар сард инфляцын түвшин оны эхнээс 1.2 хувь, жилийн -0.2 хувьтай гарлаа. Үүнд 2015 оны 12 дугаар сараас махны бүлгийн жилийн инфляцын түвшин харьцангуй бага, дийлэнх саруудад үнийн бууралттай байсан нь голлох нөлөөг үзүүлсэн.

Мөнгөний нийлүүлэлтийн задаргаа, оны эхний 8 сарын байдлаар

2016 оны 8 дугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өсөж, 11.3 их наяд төгрөгт хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтийн 49.4 хувийг төгрөгийн хадгаламж, 22.6 хувийг гадаад валютын хадгаламж, 11.1 хувийг гадаад валютын харилцах, 11.7 хувийг төгрөгийн харилцах, үлдсэн 5.2 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна.

Хадгаламжийн статистик, тэрбум төгрөг

2016 оны 8 дугаар сарын байдлаар нийт хадгаламж 8.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн. төгрөгийн ханшийн сулралтай холбоотойгоор гадаад валютын хадгаламж 2016 оны 1 дүгээр сараас эхлэн тасралтгүй өсөж 2,539.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин төгрөгийн хадгаламж 2016 оны эхнээс тогтвортой өсөж байсан ч төгрөгийн ханш хурдацтай суларсантай холбоотойгоор 8 дугаар сард өмнөх сараас 2.9 хувиар буурсан.

Төлбөрийн тэнцлийн жил бүрийн эхний 7 сарын гүйцэтгэл, сая ам.доллар

2016 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл өмнөх оны мөн үеэс 123.6 сая ам.доллараар буурч, 41.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Урсгал тэнцлийн алдагдал ийнхүү буурахад, импорт 27.5 хувийн бууралт, экспортын 19.1 хувийн бууралт болон импортын агшилттай холбоотойгоор тээврийн үйлчилгээний алдагдал 18.8 хувиар буурсан, АСЕМ болон олон улсын томоохон арга хэмжээнүүд манай улсад зохион байгуулагдсантай холбоотойгоор аяллын үйлчилгээний алдагдал 11.0 хувиар буурсан зэрэг нь голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт, сая ам.доллар

2016 оны эхний 8 сард дэлхийн 140 оронтой худалдаа хийсэн. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар буурсан. Ингэж 5.2 тэрбум ам.доллар хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 819.9 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 115.1 сая ам.доллараар өссөн. 

Дэлхийн нүүрсний олборлолт, тэрбум тонн

БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний ашиггүй уурхайнуудыг хаах арга хэмжээ авах бодлого баримталж байна. Уурхайнуудын ажиллах хоног 330 байсныг 276 хоног болгон цөөрүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын олборлосон нүүрсний хэмжээг багасах үндсэн шалтгаан.

Энэ нь цаашид үнэ аажим өсөх нөхцөлийг бий болгож байна гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд үзэж байна.

Гадаад худалдаа, 2017-2019 оны төсөөлөл, сая ам.доллар

2017 онд гадаад худалдааны нийт эргэлт 7.2 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлж байна. Ингэснээр гадаад худалдааны нийт тэнцэл 374.5 сая ам.долларын ашигтай гарахаар байна.

Гадаад худалдааны нийт эргэлт 2018 онд 7.8 хувиар өсөж 7.8 тэрбум ам.долларт, 2019 онд 7.5 хувиар өсөж 8.4 тэрбум ам.долларт тус тус хүрэхээр байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг дагасан хэрэглээ буурч байгаагаас импортын хэмжээ өмнөх оноос 12.4 хувиар буурах магадлалтай. Ингэснээр төсөвт төвлөрөх орлого 77.7 тэрбум төгрөгөөр буурахаар байна.