Даатгалын салбарт үнийн зөөлөн бодлого чухал гэдгийг онцлов
2016.10.05

Даатгалын салбарт үнийн зөөлөн бодлого чухал гэдгийг онцлов

Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эрсдлээс хамгаалах арга замууд” сэдэвт семинар Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна. 

Санхүүгийн зохицуулах хороо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Азийн бичил даатгалын зах зээлийн зохицуулалтын тогтолцоог дэмжих хөтөлбөр болон Монре даатгал ХХК-тай хамтран дээрх семинарыг зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагуудаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилт, эрсдлийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрсдлийг удирдах боломжуудыг нээн илрүүлэхэд тус семинарийн зорилго чиглэж буй аж.  

Семинарийн эхэнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам,  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдах ажилтнууд Засгийн газраас хүртээмжтэй даатгалыг дэмжих талаар баримталж буй бодлого, цаашдын боломжийн талаар танилцуулсан юм. Яг одоо оролцогсод хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх, ялангуяа бичил санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор даатгалын зуучлагчдын төрлийг өргөжүүлэх асуудалд төвлөрөн ярилцаж байна.  

Цаашид даатгалын салбарт үнийн зөөлөн бодлого ашигт ажиллагааны зөв хуваарилалт чухал төдийгүй даатгалын нийт хураамжийн орлогын нэлээд хувь нь давхар даатгалын шугмаар гадагшилж байгааг таслан зогсоож, хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай гэдэгт  салбарынхан санал нэгтэй байна.  Улмаар үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох талаар  хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэхийг чухалчиллаа.