2016.10.05

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилготой “СТ-ЕП” ОУБ-д Монгол Улс гишүүнээр элсэнэ

2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Засгйн газраас “Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай” хэлэлцээрийн төслийг өргөн барьсан. УИХ-ын намрын чуулганаар уг төслийг хэлэлцэн соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагад албан ёсоор гишүүнээр элсэх юм.  

2002 онд байгуулагдсан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах сан” нь өнгөрсөн 14 жилд нийт 11 сая ам.долларын төсөл хэрэгжүүлээд байна. Дэлхийн 31 оронд 108 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 93 нь амжилттай дуусчээ.

...Монгол Улсад тус сангийн шугамаар 2013 онд бичил номын сан байгуулах 30 мянган ам.долларын санхүүжилттэй төсөлд 3 ЕБС-ийг хамруулсан...

Үүнээс гадна 2015-2016 онд “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх” 65 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн юм.

Энэ мэт олон үр ашигтай төсөл дэлхийн улс орнуудад хэрэгжүүлэх явцдаа тус сан нь бие даасан олон улсын байгууллагын статустай болохыг зорьжээ. 2013 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар бие даахаар болсоноо зарлахад дэлхийн 156 орон дэмжиж, гишүүнээр элсэхээ илэрхийлсэн.

Монгол Улс одоогоор тус ОУБ-д гишүүнээр элсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна.   

БНСУ-ын Засгийн газрын санаачилгаар байгуулагдсан “Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах сан” нь 2013 оны 8 дугаар сард Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас хараат бус болсон байна. Тиймээс тус байгууллагын гишүүнчлэл нь НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон бүх улсад нээлттэй ба тухайн улс нь хэлэлцээрт нэгдэн орсноор гишүүн болох юм.

Товчилбол “CТ-ЕП байгууллага” нь хамгийн дээд шатны удирдлага болох ассамблейтэй байна. Тус ассамблей хоёр жилд нэг хуралдана. Хуралдаанд оролцогч гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй. Мөн 13 гишүүнтэй зөвлөлтэй ажиллах бөгөөд гүйцэтгэгч, чиглүүлэгчийн үүрэг хүлээнэ. Хэрэг эрхлэх газар нь СТ-ЕП байгууллагыг стратегийн удирдлагаар хангах юм байна.

...СТ-ЕП байгууллага нь төсвөө хэд хэдэн эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж заажээ. Эдгээр эх үүсвэрийн тусламж, хандиваар олон улсад хэрэгжүүлэх төслүүдээ санхүүжүүлэх юм байна. 

- Санхүүжилт болон хандив өгөх хүсэлтэй гишүүн орнууд

- Олон улсын байгууллага

- Нийтийн болон хувийн агентлаг институт

- Засгийн газрын байгууллага, корпораци, компани, холбоо, хувь хүн, фирм, итгэлцэл, сан зэрэг олон улсын, бүс нутгийн болон үндэсний байгууллага

Төсвөө юунд зарцуулж байгаагаа гишүүн орнууддаа ил тод мэдээлнэ. Хэрэв СТ-ЕП байгууллагад элсэхээ илэрхийлсэнээс хойш 2 жилийн дотор хэлэлцээрт гарын үсэг зурч болно.  Ингэж гишүүн орон болох хүсэлтэй орон хэлэлцээрт гарын үсэг зурж, дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу соёрхон баталснаар хэлэлцээрт албан ёсоор нэгдсэнийг баталгаажуулах юм.