Л.Болд: Нэг намын тогтолцоо улс орныг хямрал биш сүйрэл рүү аваачдаг
УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оффшортой улстөрчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
Энэ бол оффшортой холбоотой өмнөх асуудлаа булзааруулах гэж байгаа хэрэг. Олон жилийн асуудал бий. Хууль бусаар үүссэн оффшор гэдэг бол угаасаа хууль бус үйл ажиллагаа.
Хууль гараад түүнээс хойш үйлчилнэ гэвэл шударга ёсонд нийцэхгүй. Үнэн, мөнийг тогтоогоод үнэхээр хууль зөрчсөн, улсын мөнгө төгрөг завшсан, оффшор бүсэд байрлуулсан бол яасан ч зөвшөөрч болохгүй.
-Эрүү, зөрчлийн хуульд 500 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан гэсэн. Уг нь сайн хууль болсон гэж ярьж байсан?
Эрх баригчдын хувьд өнөөдөр бүх зүйлийг хараар будаж, түүгээр явсан гайг үүгээр дуудаж байна. Үнэхээр Монгол Улсыг маш хүнд байдал руу хүчээр түлхээд оруулчихлаа. Ер нь юунд ашиглах гэж улс орныг зориуд хямраагаад байгааг ойлгохгүй байна. Их хурал дээр 500 гаруй санал гаргана гэдэг бол сайн үзүүлэлт.
Зөвхөн гишүүд хийсэн өөрчлөлт биш. Ажлын хэсэг олон хоног өдөр шөнөгүй ажилласны үр дүн. Байнгын ажиллагаатай парламентын онцлог энэ. Их хурал дээр хэд дахин шүүгдэж байж сайжирч, шинэ шатанд гарах ёстой.
Түүнээс далимдуулаад буцаах биш. Үүний цаана дуртай хүнээ, дуртай хэрэгт, дуртай цаг үедээ хүссэн зорилгоороо холбогдуулж хэлмэгдүүлж эрхшээлдээ оруулж, хүний эрхийг уландаа гишгэдэг тогтолцоогоо авч үлдэж байгаа хэрэг. Юунд ашиглах гээд байгаа нь ч нээлттэй байна.
Бид өдөр тутам ажиглана. Эдгээр өдрүүдэд ардчиллын эцэг болсон С.Зоригийн аллагын асуудал анхаарлын төвд байлаа. Энэ өдрийг НҮБ-аас 2007 онд Олон улсын хүчирхийллийн эсрэг өдөр болгож зарласан.
Энэ бол Монголчуудад том сануулга. 18 жил С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнээ олохгүй байгаа ч энэ хооронд хэчнээн хүн хэлмэгдэв гэдэг хуучин хуулийн тогтолцооны маш том гай.
Хууль ил тод, зөв байсан бол ядаж хүний эрх зөрчигдөхгүй байсан. Албан тушаалтнууд хүнийг хэлмэгдүүлэх хууль бус орон зай олж авахдаа биш хуулийг хэрэгжүүлж, шударга ёс тогтооход хууль нь чиглэх ёстой.
Гэтэл яг ийм хуулиуд болох Эрүү, Зөрчлийн хуулиудыг өөнтөглөөд буцаачихлаа. Ирэх жил орж ирэх магадлал бага. Үүний цаана Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр дахиад бүрмөсөн байхгүй болгох бодлого явж байгаа.
-Өргөн бариагүй хуулиудыг хэлэлцэх асуудалд багтааж болдог юм уу?
Яг ингэж ард түмэн, парламентыг доромжлоод байгаа юм. Шийдэгдсэн, хүнд хэрэгтэй хуулиудыг хүртэл хэлэлцэх асуудалд оруулахгүй байгаа. Дэг зөрчсөн, хууль хамаагүй, юу ч хийж болно гэсэн нэг намын дарангуйллын илэрхийлэл.
Ер нь сонор сэрэмжтэй байх цаг ирсэн гэдгийг харуулж байна. Улс төр хийж байна гээд өргөн бариагүй хуулийг жагсаалтад орсон нэрийдлээр эсвэл хууль хэрхэн боловсруулсан, ямар болсон гэдгийг харалгүй гэнэт өргөн барьчихдаг. Энэ маш буруу жишиг тогтож эхэлж байна.
Монгол Улс 1990 оноос Ардчилсан улс болсон. Гэхдээ 2000 оны том сургамж бий. Нэг намын тогтолцоо улс орныг хямрал биш сүйрэл рүү аваачдаг юм. Хоёр, гурав, дөрөв дэх намууд үүсч байна. Гэтэл эргээд нэг намын парламент шиг авирлаж байгаа энэ парламент Монголын нийгмийг хойш нь татаж байна. Ингэснээрээ сайхан аваад явдаг бол болж байна.
Чадахгүй л дээ. Сүйрээгүй улс орныг сүйрсэн гэж хэлээд сүйрүүлж байна. Сүйрэл дээр тоглодог улс төр бол хэлмэгдэл, луйвар, харанхуй цаг үе байдаг. Бидэнд гэрэл гэгээ хэрэгтэй. Үүний тулд парламент дотор ч, гадна ч хүн бүр ард түмэн өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх цаг үе ирсэн гэдгийг харуулж байна.
-2017 оны төсөвтэй танилцсан уу? Стэйнд бай хөтөлбөр, бонд гаргах зэрэг асуудлууд яригдаж байна?
Төсөв бидний гар дээр ирээгүй байна. Төсөв, мөнгөний бодлогыг олон талаас нь ярих ёстой. Энэ Засгийн газрын хувьд "мэхт мэхэндээ" гэгч болж байна.
Эдийн засгийн хөгжлийн бодитой алхмуудаа улс төр хийж харлуулсаар байгаад годорч унах гээд байна. Зориуд хямралын, эдийн засгийн доройтол руу чирэх төсөв өргөн барих бодлого ярьж байна. Үүнийг бид бүлэг дээр яриад хэрхэн ажиллах ёстой талаар байр сууриа илэрхийлнэ.
Олон улсын валютын сангийн тусламж авна гэдэг нь Монгол Улс сүйрсэн гэсэн үг. Хүнээр бол эрүүл хүн сэхээн амьдруулахад орохгүй биз дээ. Тийшээ оруулахын тулд хүнийг ухаан алдуулна. Үүнтэй адил муужруулж, ухаан алдуулаад Валютын сангийн тусламж авна.
-"Засгийн газрын 100 хоног" дөхөж байна. Үр дүн юу болов?
Энэ хугацаанд хоёр л ажил хийлээ. Баахан томилгоо хийж, төрийн албан хаагчдыг халлаа. Хангалттай шоудлаа. 1990 оноос хойш Монгол Улс цоо шинэ хөгжлийн замаар яваагүй юм шиг тэр сэтгэлгээгээр залуу үеэ угжаад тийм замаар явах гэж оролдож байна. Энэ бол том эндүүрэл.
Маш том эндүүрч байгаа гэдгээ ойрын үед мэдрэх болно. Орон нутгийн сонгууль бол маш том сануулга байдаг. Орон нутгийн сонгууль шат шатандаа буруу шийдвэр гарахгүй, ард түмний дуу хоолой аль нэг шатанд орж ирэх ёстой.
Хяналт, тэнцвэржүүлэлтийн асуудал байна. МАН энэ сонгуулийг бүх арга хэлбэрээр өөрийн талд эргүүлэх арга зам хэрэглэх байх гэж болгоомжилж байна. Тиймээс анхаарал тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай.
-С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж, Б.Булганыг сулласан нь хэрэг илрэх магадлалтай гэсэн хандлага ч олон нийтийн дунд бий боллоо. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
Миний хувьд тэр хүн нөхрөө алдаад, Монголын ард түмэн ардчиллын удирдагчаа алдаад 18 жил боллоо. Илрэх байсан бол аль хэдийнэ илэрсэн. Би бол цөхрөнгөө барж байна.
Хамгийн харамсалтай нь сонгууль болгоны өмнө, хойно улс төр болгодог. Сонгуулийн үр дүнгээс хамаарч аль намын хүнийг аймшигт аллагад хардах, сэрдэх вэ гэдгийг захиалдаг болсон гэж харагдаж байна.
Үүнээс бид ангид байх ёстой. С.Зоригийн хэрэг илрэхгүй бол Монголын улс төр хэзээ ч цэвэршихгүй. Бүр утгагүй зам руугаа орчихлоо. Үндсэн хуулийнхаа дэг журмыг буцааж тогтоох хэрэгтэй.