Монгол, Оросын хилийн бүсийн хамтын ажиллагааг ойртуулна
2016.09.28

Монгол, Оросын хилийн бүсийн хамтын ажиллагааг ойртуулна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  боллоо. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ: "Монгол Улс, Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагуудын удирдах албан тушаалтны хамтарсан зөвлөгөөнд оролцож байгаа Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны дэд сайд Зубов Игорь Николаевич болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол, Орос хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг, халуун дотно хамтын ажиллагаа хууль зүйн салбарт ч хадгалагдаж ирсэн болохыг онцлон тэмдэглэв.

Мөн 2001 онд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны  хэлэлцээр, хамтран ажиллах тухай протокол байгуулсан нь хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг болсон.

Тус хоёр улс нь гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг тодотголоо.

Мөн тэрээр "Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнөөр ОХУ болон Монгол Улсын хил орчмын бүс нутгийн эрүүгийн нөхцөл байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хоёр улсын хооронд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй холбоотой сэжигтэй этгээд, эд зүйлийн талаар харилцан мэдээлэл солилцох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой түвшинд шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны дэд сайд Зубов Игорь Николаевич: "Эх орны дайны үед Монголын ард түмний үзүүлсэн тэр их тусламжийг бид хэзээ ч мартахгүй..." гээд "Эдийн засаг, нийгэм, эрх зүй, бусад харилцаа эрчимтэй өрнөж байгаа энэ үед ОХУ-ын Дотоод хэргийн яам болон МУ-ын ХЗДХЯ-ны хамтын ажиллагаа шинэ түвшинд очих ёстой" гэлээ.

Мөн өнөөдрийн арга хэмжээ 3 мянга гаруй км урт газар нутгаар хиллэдэг хоёр орны хувьд ихээхэн үр дүнтэй байх учиртайг онцлоод хоёр орны хил орчмын иргэд өдөр тутам хууль эрх зүйн тун ярвигтай орчинд амьдарч байгааг хэллээ.

Тиймээс "Бид хийж чадах боловч хийхгүй байгаа тэр асуудлыг юун түрүүнд эцэслэх ёстой" гээд анд, нөхдийн хувьд нүүр нүүрээ харж байгаад тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх ёстойг онцлов. Тэрээр талууд өдөр тутмын практик ажлаа сайжруулахгүй бол энэ нь Монгол, Орос хоёр орон эдийн засгийн хамтарсан том төслүүд хэрэгжүүлэхэд хүндрэл учруулна гээд нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөлд ложистик, ачаа тээврийн чөлөөтэй урсгалыг хангах тал дээр анхаарах ёстойг тэмдэглэв.

Гэхдээ энэ нь дур зоргоороо авирлах нөхцлийг бүрдүүлж болохгүй гэдэг дээр ч санал нэгдлээ. Ажлын хэсгийн хурлаар хил орчмын бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл сонсч, хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл солилцох асуудлыг хөндлөө.

Мөн хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийг илрүүлэх, оргон зутсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах асуудлаар ярилцсан юм. Түүнчлэн улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн өгөх болон хохирол барагдуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тал дээр санал нэгдэв.