БХЯ, Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж байна
Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, ЗХЖШ болон эмнэлгийн байгууллагуудын удирдлага оролцлоо.
1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол Улсын шинжлэх ухааны ууган эмнэлэгийн шинэ байр 2011 оноос баригдаж, энэ оны 3 дугаар сард ашиглалтад оржээ. А, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинет, 411 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгааг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дарга, хурандаа С.Батболд танилцууллаа. Жилд 14 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, поликлиникээр 160 мянга гаруй хүн үзлэг шинжилгээнд хамрагддаг байна.
Тус эмнэлэг нь 2015 оны магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтээр 3 жилийн хугацаагаар Төв эмнэлэгийн эрхтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадвахжуулах, ур чадварыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлаар санал солилцож тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлуудыг УИХ болоод засгийн газар, яамдын түвшинд хэрхэн бодлогоор уялдуулан шийдвэрлэх талаар ярилцлаа.
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургуулийг 2016 оны 9 дүгээр сарын 4-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хийхээр бэлтгэлдээ гараад байгаа юм. Хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ УИХ-ын гишүүн Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Энэхүү хээрийн сургууль нь 1988 оноос хойш 20 гаруй жилийн дараа хийгдэж байгаагаараа онцлог юм.
Өнөөдөр байгалийн голомтот янз бүрийн өвчин, гамшиг осол тохиолдоход бид бэлэн байх ёстой. Тэр үүднээсээ энэ сургалт өндөр ач холбогдолтой сургалт боллоо. Энд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн алба хаагчид оролцсон үр дүнтэй сургалт болж байгаад баяртай байна" гэж байлаа.
Мөн эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг " Тайван бус цагт монгол эх орныхоо төлөө, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, БХХСАХНЭмнэлэг, эрүүл мэндийн бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллахыг бодитой харуулсан маш чухал арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээ Батлан хамгаалах салбар болон эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн өргөн хүрээтэй үр дүнтэй арга хэмжээ боллоо" гэдгийг онцлон хэлж байлаа.