Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой
2016.08.31

Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  өнөөдөр “Рио Тинто” группийн Зэс, алмаазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй төлөөлөгчид  уулзаж, Оюутолгойн далд уурхайн гүнийн уурхайн ажлын явцаа танилцууллаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Оюутолгой төсөл дээр “Рио Тинто” групптэй хамтарч ажиллах Монголын төрийн бодлого нэгэнт гарсан. Манай Засгийн газар энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлнэ. Та бүхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хурдтай урагшлуулах хэрэгтэй. Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас хангаж, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

“Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Соират өнгөрсөн долдугаар сард ажлаа  авчээ. Үүнээс хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байгаа бөгөөд үүнийгээ “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн төсөлд ямар их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэв. Мөн тэрээр:

“Рио Тинто”-гийн хувьд одоо хэрэгжүүлж байгаа хамгийн чухал, их хөрөнгө оруулалттай гурван төслийн нэг нь Оюутолгойн далд уурхайн төсөл гэв. Далд уурхайд өнөөдөр 1400 монгол хүн ажиллаж байна, цаашид энэ тоо нэмэгдэнэ, дотоодын худалдан авалт нийт худалдан авалтын 80 хувьд хүрээд байна.  Үүнээс гадна бидний зүгээс Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн улс болохыг дэлхий нийтэд сурталчилж туслахад манай баг хичээн зүтгэх болно. Энэ хүрээнд ирэх аравдугаар сард “Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Монголд айлчлуулахаар төлөвлөж байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад төвлөрүүлэх таатай боломж, сайн сурталчилгаа болно гэж найдаж байна гэлээ.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалт эдийн засгийн ашгаасаа илүүтэй Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой. Оюутолгой компани гэхэд гэрээнд заасны дагуу цаашдаа эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой. Энэ чиглэлд манай Засгийн газар тодорхой төсөл хэрэгжүүлнэ. Бас далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын стандарт шаардлагад нийцсэн цементийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхээр манай хувийн хэвшлийнхэн ажиллаж байна.  Цаашдаа дотоодын худалдан авалтыг 100 хувьд хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.