"Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал" номын хэсгээс - судалгааны ажил хэрхэн бичих вэ?
Стефен Р.Ковигийн дэлхийд алдартай, хувь хүний манлайллын “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номын үндсэн агуулга дээр тулгуурлан бичигдсэн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” оюутны сурах бичгийг "ФранклинКови Монгол" байгууллага албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр гаргаж байна.
ДАДАЛ 2
Их сургууль нь амьдралын талаарх чухал асуултуудын хариултыг олох газар юм. Орчлон ертөнц яагаад оршин тогтнодог юм бэ? Сайхан амьдрал гэж юуг хэлдэг вэ? Би яаж өөрчлөлт гаргах вэ? Энэ бүгд Дадал Хоёрын асуултууд юм. Их сургуульд судалгааны ажил бичсэнээр бид дээрх асуултуудад хариулт олдог. Би та бүхэнд хэрхэн судалгааны ажил бичих талаар зөвлөгөө өгүүлэхээр шилдэг профессор, хамтран зүтгэгч, гайхалтай зохиолч Брек Ингландийг сонгосон юм.
СУДАЛГААНЫ АЖИЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
Их сургуульд орно гэдэг тал талд яриа өрнөсөн үдэшлэгт очихтой адил юм. Яагаад гэвэл их сургууль бол том газар бөгөөд сэтгэл судлал, түүх, хими, бизнес гэх мэт олон салбарыг агуулсан нэг цогц зүйл юм. Өөрөөр хэлбэл их сургууль бол олон хүмүүс төрөл бүрийн чиглэлээр харилцан санал солилцох газар гэж ойлгож болно.
Харин одоо та уг харилцан ярианд оролцох эрхтэй болсон гэсэн үг.
Тэгээд ч энэ нь найзуудтайгаа яриа өрнүүлэхтэй бараг ижил зүйл. Та дуртай спортын баг, хөгжим эсвэл киноны талаар хэн нэгэнтэй маргаж байсан байх. Танд хувцас, машин, мөнгө магадгүй том сэдэв болох улс төр, эдийн засгийн талаар өөрийн үзэл бодлоо хамгаалан мэтгэлцэх үе байсан байх. Ингэхдээ та аль нэг талыг барьдаг бөгөөд магадгүй заримдаа нөгөө талд орох тохиолдол бий. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл та “харилцан ярилцах” чадварт аль хэдийн суралцаж чаджээ.
Их сургуульд, судалгааны ажил бичих нь харилцан ярианд оролцох нэг хэлбэр юм. Багш нар дараах жишээнүүдтэй ижил асуултуудыг та нарт тавьдаг. Үүнд:
- Шекспир “Венецийн худалдаачин” жүжгээрээ шударга ёс эсвэл өршөөлийн алийг нь илүү чухал гэж харуулсан бэ?
- Прокариот болон эукариот бичил биетийн аль нь амьдрах чадвар сайтай вэ?
- Нийт ашгийн хэмжээ бизнесийн үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
- Дэлхийн II Дайны үүслийн талаар Винстон Чөрчилл болон Тэйлор нарын онолыг харьцуулан судлах
Ийм асуултанд зөв хариулт олох нь хэцүү байдаг тул мэтгэлцээнд тохирох сэдэв болж өгдөг. Багш нар ийм сэдвүүдийн талаар өөрсдийн гэсэн бодолтой байдаг бөгөөд хэрвээ та хүсвэл өөрийн гэсэн бодлоо үүсгэх боломжтой.
Мөн таны өөрийн бодлууд чухал гэдгийг санаарай. Жишээ нь, Дэлхийн II Дайны үүслийн талаар авч үзье. Та энэ сэдвээр түүхийн хичээл дээрээ судалгааны ажлын даалгавар багшаасаа авч магадгүй. Та шууд харилцан адилгүй үзэл бодлын зөрчилтэй нүүр тулах болно. Винстон Чөрчилл үзэхдээ Нацистууд дайныг эхнээс нь төлөвлөсөн байсан гэж үздэг бол түүхч Тэйлор эсрэгээрээ буюу Нацистууд дайн хийх төлөвлөгөөгүй байсан бөгөөд зүгээр золгүй тохиолдол байсан гэж үздэг. Яагаад энэ зөрчил ач холбогдолтой вэ? Яагаад гэвэл ирээдүйд хүн төрөлхтөн дээрхтэй ижил нөхцөл байдалтай тулгарах үед түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг мэддэг байх хэрэгтэй. Эсвэл таны биологийн багш, “Прокариот /нянгийн эс/ байсан нь дээр үү? Эсвэл эукариот /хүний эс/ байсан нь дээр үү?” гэсэн асуулт тавьсан гэж бодъё. Уг асуулт нь өөрөө асуултуудаар дүүрэн байгаа биз? “Дээр” гэж юу гэсэн үг вэ? Хүчирхэг гэсэн үг үү? Дасан зохицох чадвар сайн гэсэн үг үү? Эсвэл “ухаалаг”? Гол учир нь чухал асуултанд хариулт олоход л байгаа юм. Өөр утгаараа энэ бол дадал Хоёр: “төгсгөлийг нь төлөвлөх,”буюу хүний хамгийн чухал хийх ёстой зүйл болох мэдлэг, боловсролын тусламжтайгаар үнэнийг олж мэдэх явдал болой.
Таны авч буй ихэнх хичээлүүд судалгааны ажил бичих даалгавартай байдаг. Заримдаа нэг хуудсанд багтахаар богино байх бол зарим нь бүтэн хагас жилийн турш бичиж, жилийн эцсийн дүнд нөлөөлөх хэмжээнийх ч бас байна. Гэвч ихэнх нь таныг харилцан ярианд өөрийн санаа бодлоо дэвшүүлэхийг шаарддаг. Шалгалтанд та зүгээр сурч мэдсэнээ давтан хэлдэг бол судалгааны ажил бичсэнээр танд өөрийн бодлоо илэрхийлэх боломж олддог. Иймээс та өөрийн гэсэн санаа бодолтой байх ёстой.
Номын нээлтийн үеэр, номыг эрхлэн гаргагч Х.Батсайхан
ТАНЫ ГОЛ САНАА ЮУ ВЭ?
Судалгааны ажил бичихийн гол учир нь өөрийн санаа бодлоо гаргахад оршдог. Зарим үед үүнийг судалгааны ажлын таамаглал эсвэл дүгнэлт гэж нэрлэх нь бий. Таны таамаглал бол “төгсгөлийг нь төлөвлөх” юм. Та амьдрал дээр өдөр болгон “А кино Б киноноос дээр,” “В баг Г багийг төвөггүй хожно” гэх мэт янз бүрийн таамаг дэвшүүлж байдаг. Харин их сургуульд таны таамаг дараах хэлбэртэй байж болно. Үүнд: A
- Прокариотууд бол эукариотуудаас илүү дасан зохицох чадвар сайтай.
- Шекспир “Венецийн Худалаачин” жүжигтээ шударга ёс болон өршөөл энэрэлийг тэнцүүхэн харуулсан.
- Нацистууд Дэлхийн II Дайныг төлөвлөөгүй бөгөөд тэд санаандгүй үүнд татагдан орсон.
Дээрх жишээнүүд нь сайн таамаглалууд юм. Та судалгааны ажил бичихдээ мэтгэлцэж буй талуудын аль нэг талыг баримтлах ёстой. Та өөрийн талын үзэл бодолд итгэдэг /мэдээж бусад хүмүүс таны үзэл бодол, таамаглал дээр маргалдах бөгөөд тэдний таамаглал ч бас таныхаас дутахгүй гэдгийг санаарай/. Гэвч та “таамаг” гэдгийг “сэдэв”-тэй андуурч болохгүй. Тэд адил зүйл биш юм. Та магадгүй, “Би Дэлхийн II Дайн хэрхэн эхэлсэн талаар бичиж байгаа” гэж хэлж магадгүй. Энэ бол таны бичиж буй сэдэв болохоос таамаг биш. Ихэнх тохиолдолд та таамаглалаа хамгийн эхэнд бичдэг. /Зарим тохиолдолд буюу шинжлэх ухааны туршилт хийж байгаа үед та таамаглалаа хамгийн сүүлд нь бичих үе бий/. Таны таамаглал хамгийн эхэнд байснаар бусад хүмүүс таны дэвшүүлсэн санааг тэр дор нь мэдэх боломжтой.
ТА ЯАГААД ИНГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?
Та таамаглал дэвшүүлсэн бол дараагийн алхамд үүнийгээ нотлох хэрэгтэй. Тэгээд ч их сургуулийн судалгааны ажил бичих гол зорилго бол таныг өөрийн гэсэн үзэл бодлоо үнэн зөв, хүчтэй нотлох баримтуудаар хамгаалж сургахад оршдог. Яагаад А кино Б киноноос илүү дээр вэ? Та яагаад В баг Г багийг ялна гэж бодох болов?
Таны судалгааны ажлын чанар нотлох баримтуудаас бүрэн хамааралтай байдаг. Иймээс аль болох олон буюу хамгийн багадаа гурван шалтгааныг олж бичих хэрэгтэй. Жишээ нь, А кино Б киноноос дээр яагаад гэвэл:
- Дүрүүд нь илүү бодит
- Жүжигчид нь сайн
- Хөгжим нь киноны утга санаандаа нийцсэн
Дээрх шалтгаанууд дээр тулгуурлан та сайн судалгааны ажил бичиж чадна. Та дүрүүдийг яагаад илүү бодит талаар эсвэл бодит байдлын тухай кино нь яагаад бодит бус үйл явдалтай киноноос илүү байдаг талаар жишээ гарган бичиж болно. Түүнчлэн та жүжигчдийн жүжиглэх авъяасын талаар нэмж жишээ татан өөрийн үзэл бодлоо бататган хамгаалах боломжтой.
Таны судалгааны дүн нотлох баримтуудаас хамаарах тул та ихэнх цагаа найдвартай болоод хүчтэй нотолгоо олоход зарцуулаарай. Нотолгоо болгож та жишээ баримтууд, түүх, статистик тоо баримт болон мэргэжилтний үзэл бодлыг ашиглаж болно. Гэхдээ та ашигласан баримт материалуудынхаа эх сурвалжийг дурдахаа битгий мартаарай.
Судалгааны ажлынхаа төгсгөлд нь та дэвшүүлсэн санаа, таамаглалаа дахин нэг оруулаарай. Тэгээд үүнийгээ хэрхэн баталсан талаар /эсвэл таны таамаглал ядаж бодитой байж болох/ дэлгэрүүлж бичээрэй.
Харин та сайн судалгааны ажил бичихийн тулд дараах хоёр үндсэн дүрмийг мөрдөөрэй.
Номын нээлтийн үеэр, номыг эрхлэн гаргагч "Франклин Кови Монгол" байгууллагын тэргүүн Б.Сайнбаяр
ДҮРЭМ НЭГ: ГАНЦААРАА ХИЙХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ
Та судалгааны ажил дээрээ ялангуяа таны анхных бол хэн нэгний тусламж заавал авах хэрэгтэй. Мэдээж та дунд сургуульд бүх зүйлийг өөрөө хийх ёстой гэж төлөвшсөн байх. Хүнээс тусламж дэмжлэг авах нь хуулах нэг хэлбэр гэж бодож магадгүй. Гэхдээ би танд хуулах ба хамтран ажиллах хоёрын ялгааг гаргаж өгье.
Хуулах бол та бусдын дэмжлэгийг буруу байдлаар авч байна гэсэн үг. Энэ нь бусдын санааг тэднийг дурдалгүйгээр хуулж бичихийг хэлж байгаа хэрэг. Тиймээс интернетээс бусдын юмыг эх сурвалжгүйгээр хуулж тавьж болохгүй. Хэн нэгэнд мөнгө өгч судалгааны ажил хийлгээд бүр дэмий. Хуулсанаар та их сургуулиас хөөгдөж болох ба таныг хууран мэхлэгч болгоно шүү дээ. Харин хамтран ажиллах нь та зөв дэмжлэг авч байна гэсэн үг. Номын санд очиж номын санчаас өөрт хэрэгтэй нотолгооны эх сурвалжийг олж өгөхийг хүсээрэй. Мөн та бичлэгийн төв дээр очсоноор ноорог бэлтгэх, үзэл бодол дээрээ санаа авах мөн үг үсгийн алдаагаа хянуулах боломжтой гэдгийг санаарай. Түүнчлэн багштайгаа нягт харилцаа холбоотой байх нь судалгааны ажлаа сайжруулах нэг сайн арга юм шүү. Багшаасаа яг юу хүсэж буйг нь эсвэл ямар арга барилаар бичих ёстойг сайн торуулаарай. Та нооргоо хүртэл түүнд үзүүлж санаа бодлыг нь сонсож болно.
ДҮРЭМ ХОЁР: ЭРТ ЭХЭЛ
Олон оюутнууд даалгавраа хийх муу дадалтай болсон байдаг. Тэд Даваа гарагт авсан Баасан гарагт өгөх эцсийн хугацаатай даалгавраа Пүрэв гарагийн орой хүртэл хийлгүй хойш нь тавьдаг. Харин та ийм маягаар их сургуулийн судалгааны ажлыг хийх боломжгүй.
Хэрвээ та дээрхтэй ижил даалгавар авсан бол шөнөжин суулгүйгээр дараах жижиг алхмуудыг долоо хоногийн турш бага багаар хийгээд үзээрэй. Үүнд:
1. Та ажлын даалгавраа авсан даруйдаа сайн судалж үзээрэй. Үг нэг бүрийг нь ойлгож, бичиж тэмдэглэж авах нь чухал. Хэрвээ танд ойлгомжгүй зүйл гарвал тэр даруйдаа багшаасаа асуугаарай. Хүлээж цаг алдах хэрэггүй шүү.
2. Тухайн өдөртөө өөрийн таамаглалаа бодоорой. Олон дахин бодож аль болох олон таамаглал гарга. Тэгээд хамгийн сайн гэснээ сонгоорой. Үүнийгээ хэн нэгэнд үзүүлж санаа бодлыг нь давхар сонсох хэрэгтэй.
3. Сайн таамаглалтай болсон бол нотолгоонуудаа цуглуулж эхэл. Номын санч үүн дээр хамгийн сайн туслах байх болно. Интернетээс мэдээлэл хайгаарай. Google Books эсвэл Google Scholar гэх мэт гайхалтай онлайн эх сурвалжуудыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тохиромжтой гэж бодсон ишлэл, жишээнүүдийг авахаа бүү мартаарай. Хамгийн гол нь эх сурвалжынхаа талаарх буюу хаана, хэзээ, хэн, юу гэсэн мэдээллүүдийг сайн тэмдэглэж аваарай.
4. Мягмар гарагт нооргоо гаргаарай. Нэг их бодолгүй түргэн хугацаанд хийгээрэй. Заавал бүрэн гүйцэт байх албагүй бөгөөд дүрмийн алдаатай ч байж болно. Та зүгээр л санаагаа цаасан дээр буулгаж байгаа гэдгээ санаарай. Ингээд нооргоо багшдаа болон бичлэгийн танхимд авч очин бусдаас зөвлөгөө аваарай.
5. Лхагва гарагт нооргоо сайжруулан дахин бичээрэй. Бусдаас зөвлөгөө ав, дараа нь хэсэг тэр чигт нь орхиорой.
6. Пүрэв гарагт нооргоо дахин засварлаж, найруулгын алдааг нь хянаарай. Хэсэг “амраасны” дараа та өмнө хараагүй зүйлээ харж чаддаг. Алдаа шалгагч програмын тусламжтайгаар үг үсгийн алдаагаа шалгаарай.
Зарим багш нар танд “Chicago Style”, “MLA Style” эсвэл “APA Style”-аар бичихийг зөвлөж магадгүй. Энэ нь та дараах судалгааны ажил бичих аргачлалуудыг мөрдөх хэрэгтэй гэсэн үг. Үүнд:
- Chicago Style: A Manual for Writers of Research Papers, Theses, and Dissertations, 7th edition, University of Chicago Press, 2007. Ихэнхи дээд сургуульд мөрдлөг болгодог.
- MLA Style: MLA Handbook, 7th edition, Modern Language Association, 2009. Англи хэл, уран зохиол гэх мэт хүмүүнлэгийн ухааны багш нар ихэвчлэн хэрэглэдэг.
- APA Style: Publications Manual of the American Psychological Association, 6th edition, 2009. Хими, физик, биологи гэх мэт шинжлэх ухааны багш нар хэрэглэдэг.
Та дээрх номнуудыг онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд тус бүртээ аппликейшнтэй юм.
Мэдээж хэрэг та энэ бүх алхмуудыг нэг дор хийхэд хүндрэлтэй. Иймээс та даалгавараа Пүрэв гарагийн орой хүртэл хойш нь тавих хэрэггүй бөгөөд Мягмар гарагт эхлээд Пүрэв гарагт дуусгаарай. Ингэснээр та сэтгэл санааны дарамтанд орохгүй бөгөөд таны бүтээмж өснө гэдгийг санаарай.
Эцэст нь дүгнэхэд хэрвээ та сайн судалгааны ажил бичихийг хүсвэл дараах зүйлсийг мөрдлөг болгоорой. Үүнд:
- Өөрийн гэсэн таамаглал дэвшүүлэх
- Өөрийн таамаглалаа гурваас доошгүй баримтаар нотлох
- Хэзээ ч ганцаараа бүү хий
- Эрт эхэл
"Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал" номыг зөвхөн Интерном номын дэлгүүрүүд болон "Франклин Кови Монгол" байгууллагаас худалдан авах боломжтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 89002329, 70140100 утсаар холбогдон аваарай.
Эх сурвалж: http://www.unread.today/posts/post/385