“Алдар” спорт хороонд байлдааны туг хүлээлгэн өглөө
Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу "Алдар" спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон албаныхан оролцлоо.
Байлдааны туг нь хамт олны оройн дээд сүлд нь байж, эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог.
Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр "Монгол улсын төлөө" гэсэн байдаг.
Энэхүү үг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн билээ. Анх 1946 онд анхны 4 спортын нийгэмлэгийн нэг болон "Цэрэг нийгэмлэг" нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэн замналтай Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монголын нийгэмд спортыг хөгжүүлэн манлайлагч, уриалан дуудагч, хүчин байж, эгнээнээсээ олон арван Ардын болон Гавьяат цолтон, Аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ.
Улсын их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Алдар" спорт хорооны бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу "Алдар" спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд оролцож байгаа та бүхний амрыг айлтгаж Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа цэрэг эрсийн дайчин цогтой мэндийг дэвшүүлье.
Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 1946 онд "Цэрэг нийгэмлэг" нэртэйгээр анх үүсэн байгуулагдсанаас хойш өдгөө 70 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсад төдийгүй, дэлхийд танигдсан олон зуун алдартныг төрүүлснээр бид цаг ямагт бахархаж байдаг билээ.
Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо нь өнгөрсөн түүхэн 70 жилийн хугацаанд эгнээнээсээ Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, Гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер-260 гаруй, спортын мастер-1350-ыг төрүүлж бахдам амжилттай хамт олон юм.
Мөн "Алдар" спорт хорооны тамирчдаас олон улсын тэмцээний нийт 568 медальтан тодорсны дотор дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж ирлээ.
Тэрчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын спортын дээд амжилтыг давхардсан тоогоор 414 удаа шинэчлэн тогтоосон нь манай тамирчдын амжилт, хичээл зүтгэлийг харуулсан тод томруун жишээ юм.
Түүний зэрэгцээ манай шилдэг тамирчид дэлхийн спортын оргил нь хэмээн дээдлэгдсэн "Зуны олимпийн наадам"-уудад удаа дараа амжилт гарган оролцсоны дотор Олимпийн мөнгө, хүрэл медалийг 13 тамирчин хүртэж, шагналт байранд шалгарсан бахархам амжилтын эзэд болж байсан. Энэ жилийн хувьд "Рио-2016" зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардсаны дотор Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 гаруй тамирчид оролцсон байна" хэмээн онцлоод байлдааны тугийг зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, монгол улсын гавъяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн юм.