“Сод Монгол” групп 21 гэр хандивлалаа
2016.07.20

“Сод Монгол” групп 21 гэр хандивлалаа

Иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын “топ-100” компанийн нэг болох “Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивласныг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон ОБЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа.

Тус группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчуудын сайхан үг бий. Монголчууд эртнээс нэг нэгнээ сайхан сэтгэлээр тусалж, тэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Байгалийн ийм давагдашгүй аюул учирсан үед бид нэг нэгэндээ эрвийх дэрвийхээрээ туслах учиртай. Тиймээс манай компанийн хамт олон хэлэлцээд 21 гэрийг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн юм” гэлээ.

Мөн энэ үеэр МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг Баян-Өлгийчүүдэд хандив болгон илгээж байгаагаа хүлээлгэн өглөө. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийнхээ нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм. Цаашид тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаараа МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна. Энэ судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв.

Үүнээс гадна “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас таван гэр, Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлаад байгаа юм.

Эдгээр тусламжийн гэр, бараа материалыг ачсан тусламжийн цуваа өчигдөр буюу долоодугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг руу гарлаа.