Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг сунгахаар төсөл өргөн барилаа
2016.08.23

Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг сунгахаар төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.

Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.

Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах ажил хийгдээгүй байна.

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа