Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.25/ хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль зүйн сайдын танилцуулснаар хуулийн төслийг боловсруулахдаа гэрээний талуудын чөлөөт байдлыг хүндэтгэх, барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нийтэд ил тод, тодорхой байдлыг хангах зарчимд үндэслэсэн бөгөөд уг харилцаанд иргэн, хуулийн этгээд оролцож болохоор заажээ.
Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна.
Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт ажээ.
Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүйбайгаа юм байна. Иргэний хуулийн 156.4 дэх хэсгийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэн байна.
Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэн байна.
Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна.
Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч иржээ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байгаа аж.
Иймд, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай бие даасан хуулийг боловсруулах асуудал чухлаар тавигджээ.
Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асуун, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ