"GREАT” кампанит ажлын албатай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.08.16

"GREАT” кампанит ажлын албатай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Британийн компаниуд манай улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах сонирхолтой байдагт Ерөнхий сайд талархлаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоход түлхүү анхаарна гэж хэллээ.  

ИБУИНВУ-ын Засгийн газрын Чевингийн тэтгэлгээр 16 монгол оюутан суралцуулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлээр тус улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREАT” кампанит ажлын албатай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод Британийн ханхүү Харри Монгол Улсад айлчлах урилгатайг дурдаж байлаа