Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа
2016.08.11

Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Мурат Карагөз  Монгол, Туркийн хооронд түүхийн өнө эртний харилцаатайг онцолж байв.

Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт үр бүтээлтэй өргөжин хөгжиж байгааг дурдлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм.

Харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм.

Түүнчлэн  Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулахад анхаарна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад 900 гаруй оюутан суралцдаг бөгөөд 300 орчим нь Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм.

Монголын залуучуудыг өндөр боловсрол эзэмшихэд Туркийн Засгийн газраас дэмжиж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархаж буйгаа илэрхийллээ.

Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Туркийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад 450 гаруй төсөл, хөтөлбөрийн хүрээнд 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгааг энэ үеэр Элчин сайд Мурат Карагөз дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.