Хууль бус үйлдлүүдийг баримтжуулна
УИХ дахь АН-ын бүлэг
2016.08.04

Хууль бус үйлдлүүдийг баримтжуулна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр цаг үеийн асуудал мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга С.Эрдэнэ эрх баригчдын хууль зөрчих үйлдэл хэрээс хэтэрч байгааг онцолсон.

Тиймээс хууль бус үйлдлүүдийг баримтжуулах Онцгой комисс байгуулж ажиллахаа сэтгүүлчдэд дуулгав. Харин АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж эрх баригчид Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг хэллээ.

-Хууль бус үйлдлүүд гэдэгт одоогоор ямар баримтууд байгаа вэ?

Сүхбаатар аймгийн Засаг даргын томилгоог хууль бусаар хийсэн. Аймгийн ИХТ-ын анхдугаар хуралдааных нь шийдвэр хүчингүй. Яагаад гэвэл, ИТХ-ын сонгуульд хоёр нам адил 16, 16 суудал аван тэнцэж, нэг тойрогт нөхөн сонгууль явуулах тов гарсан байхад МАН- аас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид нь тамга тэмдэггүй баланкан дээр хувийн захидал шиг зүйл явуулаад батлуулчихаж байна шүү дээ.

Ийм жишээ баримт цөөнгүй бүртгэгдсэн. Хөдөө орон нутгаас ч мэдээлэл их ирж байна. Эдгээрийг нэгтгэж бүртгэж авч байна.

-Өөр ямар баримтууд ирсэн бэ?

Зам-Үүдэд төрийн албаны байранд хүчээр нэвтрэн орж, тамга тэмдгийг нь авсан. Ийм эрээ цээрээ алдсан үйлдлүүд их байгаа.

-АН энэ байдалд ямар дүгнэлт хийж байна?

Эрээ цээрээ алдсан ийм үйлдлүүд цаашид ч олон газар гарах шинжтэй байна. Тиймээс АН-аас онцгой комисс байгуулж, төрийн хууль бус үйл ажиллагаануудыг баримтжуулж авч байгаа. Энэ асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ. 

-Хэзээ гэдгийг тодорхой хэлнэ үү?

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комисс маргааш /өнөөдөр/ мэдээлэл хийхээр товлосон байгаа. Ардчилсан намын төв байранд 12.00 цагт 2016 оны Улсын Их Хурлын болон ИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Б.Пүрэвдорж: /АН-ын бүлгийн дэд дарга/
МАН ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН
-Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусч УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Танай бүлгийн гишүүд ямар байр суурьт хүрсэн бэ?

Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг ээлжийн амралттай байх хугацаанд нь албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг УИХ- д оруулж ирсэн. Төрийн албаны нэр бүхий хоёр гишүүн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байгаа. Тиймээс МАН-ын энэ үйлдэл Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж байна. Тиймээс бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа.