МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа ажиллана
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ дахь намын бүлэг байгуулах тухай, УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны эхэнд УИХ дахь Монгол ардын намын бүлэг байгуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулах тухай АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг уншиж танилцуулав.
УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй ажиллах бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгожээ. Есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахлан ажиллах юм байна. Бүлгийн даргыг сонгох тухай УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцуулаад УИХ дахь МАН, АН-ын бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг мэдэгдсэн юм.