Ж.Батсуурь: Сонгуулийн автоматжуулсан системийг ажиллуулах төв байгуулагдана
2011.11.04

Ж.Батсуурь: Сонгуулийн автоматжуулсан системийг ажиллуулах төв байгуулагдана

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүнЖ.Батсууриас зарим зүйлийгтодрууллаа.
-Таны ахалж ажилласан ажлын хэсгийн хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийн талаар тодруулахгүй юу?
-Парламент Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж, тогтолцоог өөрчилж байна. Мөн сонгууль явуулах аргачлал, системийг цогцоор шийдвэрлэхээр төлөвлөсөн. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж ажлын хэсэг байгуулсан.
Сонгуулийн дараа саналын хуудас буруу тоолсон, будлиан гарлаа гэх зэргээр маргаан үүсдэг.
Гараар саналын хуудас тоолдог байдлыг өөрчилж хөгжингүй улс орнуудад хэрэглэдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой ажилласан. Иргэний ухаалаг үнэмлэх, бүртгэл тооллогын системийг сайжруулах гээд цогцоор шийдвэрлэх асуудал бий.
-Цахим бүртгэл, цахим гарын үсгийн тухай хууль батлагдаагүй учраас холбогдох 23 заалтыг хойшлууллаа. Дараа нь уялдуулж оруулах боломжтой юу?
-Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд хоёр жил болсон. Гарын үсгийг албан байгууллага, иргэн, улс орны хэмжээнд хэрхэн ашиглах вэ. Төрийн байгууллагууд бүрэн хамрагдах уу, хязгаарлагдмал хүрээнд үү гэдгийг тодорхой болгохоор   ажлын хэсгийн гишүүд  хуулийн төсөлтэй танилцаад зарим зүйлийг   тодруулахаар Засгийн газарт буцаасан байна. Холбогдох хууль нь батлагдаагүй байхад заалтыг авч өөр хуульд хэрэглэх боломжгүй. Дараа нь өргөн хүрээнд оруулж хэрэгжүүлэх боломж нээлттэй.
-Автоматжуулсан системийг хэрхэн ашиглах, ажиллуулах хүмүүсийн талаар нарийвчлан заалт оруулсан уу?
-СЕХ-ны дэргэд сонгуулийн автоматжуулсан системийг  ашиглах төв  байгуулагдана. Мэргэжлийн байгууллагын хүмүүсийг  үнэмлэхжүүлж,  ашиглалтын тусгай  зөвшөөрөл олгох  юм. Хэн дуртай нь
автоматжуулсан төхөөрөмжийг ашиглах боломжгүй.
-Сонгуулийн булхайг арилгана, багасгана гэдэг. Гэвч хууль батлагдаагүй байхад , тэнд ажиллах хүмүүсийг хардах хандлага бий шүү дээ?
-СЕХ хууль журам, тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулна. Ингэхдээ аль нэгэн намын төлөөлөл оролцуулахгүй. Төрийн захиргааны төв байгууллагаас хүн оруулах байх. Тэд хуулиар намаас түдгэлзсэн, намын харьяалалгүй байна.
-Ямар нэгэн зөрчил, будлиан гаргасан тохиолдолд хариуцлага тооцох заалт туссан уу?
-Эрүүгийн болон бусад хуульд хариуцлагын талаар тодорхой заалт бий. Мөн СЕХ хууль, журмынхаа хүрээнд хариуцлага тооцох боломжтой.
-Төсөвт тусгах 24 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. СЕХ дэргэдээ Харилцаа холбоо, технологийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцуулсан Тендерийн хороо байгуулаад ажлаа явуулж байгаа. БНСУ, АНУ-аас тоног төхөөрөмж авахаар судалсан байна.
-Цахим мэдээллийн сан, иргэний ухаалаг үнэмлэхний талаар тодруулахгүй юу?
-Үүнийг хариуцсан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг байнгын хорооны хуралдаанд танилцуулга, мэдээлэл хийсэн.Үнэмлэх солих ажлыг сонгуулиас өмнө дуусгахаар төлөвлөсөн юм билээ. Өнгөрсөн сонгуулиудын үеэр яригддаг булхай , луйвар, нэг сонгогч хэд дахин санал өгдөг зэрэг асуудал гарч, тооллого будлихгүй гэж үзэж байна. СЕХ технологийн шинжтэй үйл ажиллагааг зохион байгуулна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.