Мэргэжлийн хүн бүхэнд баяр бахдал, хүндлэл  төрүүлсэн өдөр байлаа
2016.06.10

Мэргэжлийн хүн бүхэнд баяр бахдал, хүндлэл төрүүлсэн өдөр байлаа

Монгол Улсын санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн хамт олон гишүүд, дэмжигчдийнхээ хамтаар 6 дугаар сарын 8-ны өдөр 20 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын хурал УДЭТ-т боллоо. ММНБИ-ийн түүхт 20 жилийн ойн баярт ММНБИ-ийн үе үеийн ерөнхийлөгчид, үүсгэн санаачлагч гишүүд, хүндэт зочид, мэргэшсэн нягтлан бодогчид хүрэлцэн ирсэн юм.  

 Баярын хурлыг ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Ц.Жигдэн нээж хэлсэн үгэндээ: “...Бид мэргэжлийн хөгжлөөрөө эх орныхоо хөгжлийг дэмжих том зорилт тавьж, нийгэм эдийн засгийн зарим бэрхшээлийг даван туулахаар чармайн ажиллаж байна. Та бидний хичээл зүтгэлээр ММНБИ нь засаглалын хувьд төлөвшсөн, ДНБХ болоод АНДНБХ-ны жинхэнэ гишүүн болж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээнд танигдсан байгууллага болтлоо хөгжиж ирсэн ба гишүүд Та бүхэндээ болон хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олон, үйлчлүүлэгчдэдээ талархаж явдгаа хэлэхэд таатай байна.” гэв.  

Баярын хуралд МУ-ын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, институттэй хамтран ажиллаж ирсэн Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд, мэргэжлийн төрийн бус байгууллагууд болох Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг байгууллагууд мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын онцлох хэсэг нь “Хамтдаа хөгжсөн 20 жил” илтгэл байсан. Энэхүү илтгэлийг ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн баярын индэр дээрээс нийтэд хүргэсэн. Илтгэл нь Институтийн засаглал болон дотоод ажил, Гишүүд, Аудитор, аудитын компаниуд, Ажлын хороод, Бусад хамтын ажиллагаа, Гадаад харилцаа гэсэн хэсэгтэй байв. Тэрбээр ”...Бид өнгөрсөн 20 жилд багагүй амжилт олсон ч цаашид хийх зүйл их байна. ММНБИ гишүүддээ үйлчлэх олон талт үйлчилгээгээ сайжруулан, гишүүдийнхээ мэргэжлийн мэдлэг, чадварыг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэж, аудитор, аудитын байгууллагын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлснээр бидний нийгэмд үйлчлэх үйлчилгээ сайжирч Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм.” хэмээн онцоллоо.  

Баярын энэ өдөр ММНБИ-ээс Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа хамт олон гишүүд, дэмжигчдээ шагнаж урамшууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Нью Дийл Аудит” ХХК-ийн аудитор Д.Галт-Эрдэнэ, Сангийн яамны “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, “Мэдээлэл Аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Товуудорж, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр ММНБИ-ийн ахлах багш Г.Баялаг, “Голдэн Пэйж Аудит” ХХК-ийн аудитор Я.Оюун, “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн чанарын хяналтын туслах ажилтан Н.Ганбат, Сангийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн багш Р.Оюунбат, “Ай Жэй Эй Эйч” ХХК-ийн аудитор Н.Пэрэнлиймаа, ҮАГ-ын “Төрийн хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ММНБИ-ийн Ёс зүйн хорооны дарга М.Эрдэнэжаргал, СЗХ-ны “Хүндэт жуух бичиг”ээр ММНБИ-ийн Аудитын хорооны менежер М.Соронзонболд нарын хүмүүс, Нийслэлийн ИТХ-ын хүндэт тэмдгээр ММНБИ-ийн Стандартын хэлтсийн дарга Л.Бадамханд нар шагнагдлаа. Түүнчлэн ММНБИ-ийн хүндэт тэмдэг, хүндэт өргөмжлөл болон мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоод, “Мэдээлэл Аудит” ХХК, “Сүлд Аудит” ХХК зэрэг компаниудын нэрэмжит шагналаар шагнагдлаа.  

 Харин ММНБИ-ийн дээд шагнал “Алдрын Од” одонгоор ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа, ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Б.Сайнжаргал, Ховд салбарын дарга А.Оюундэлгэр нар шагнагдлаа.  

 Баярын хурлын дараа хурлын төлөөлөгчид дэлхийн сонгодог зохиол “Ромео, Жульетта” жүжиг, баярын тоглолт үзэж сонирхлоо. 

 Салбар, Хамт олноо төлөөлөн баярт оролцсон гишүүд, дэмжигчид энэ өдөр амжилт ололтоо дүгнэн, мэргэжил нэгт нөхөдтэйгээ уулзан баярлаж, нягтлан бодогч мэргэжлээ дээдлэн бахархсан нэгэн өдрийг ийнхүү өнгөрүүлэв. Мэргэшсэн нягтлан бодогчдын өмнө цаашид хийж бүтээх ажил үйлс хөвөрсөөр байна. 2016 он 4 жил тутамд болдог ММНБИ-ийн VI их хурлын жил учраас тэдний өмнө олон сорилт хүлээж буй. УИХ-ын гишүүн, ММНБИ-ийн Хүндэт гишүүн Р.Амаржаргал нэгэнтээ ой тэмдэглэнэ гэдэг нь тэмдэглээд өнгөрөх зүйл бус дараа, дараагийн хөгжлийн зураглалаа тодорхойлох маш хариуцлагатай үе гэдгийг сануулж байсан.