Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд сөрөг нөлөөтэй
2016.05.26

Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд сөрөг нөлөөтэй

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын чуулганыг 30 хоногийн хугацаатай завсарлуулчихлаа. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж яригдаж байсан хуулиуд батлагдахааргүй боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуульд заасан хүрээнд сонгуулийн өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулиудыг хэлэлцэж дууссан. 2015 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасан улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар Засгийн газар Их хуралд мэдээлэл хийх учиртай байдаг. Энэ асуудлуудаа шийдчихсэн. Хувь гишүүний хувьд чуулган завсарласан нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

УИХ- аас гарч буй хууль нь нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулдаг. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчийн аль аль нь сонгуульд бэлдээд юун чуулганы хуралдаан манатай болчихоод байна. Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд улам л сөрөг нөлөөтэй тусдаг. Тэр утгаараа цөөнхийн зүгээс ч гэсэн чуулганаа завсарлуулаач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы отгон хуралдааныг завсарлууллаа. Ардчилсан  сонгууль болоод дараагийн Их  хурал нь томилогдоод ажлаа үргэлжлүүлээд л явна.

-Зургадугаар сарын 23 хүртэл түр хугацаагаар завсарлууллаа гээд байгаа л даа. Ямар шалтгаантай юм бол?

-Тавдугаар сарын 23- 27-ны хооронд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж, зарлана. Намуудын зүгээс сонгуулийн хороо, хуулийн байгууллагадаа олон баримт бүрдүүлж өгөх ёстой байдаг. Парламентад суудалтай болон суудалгүй намууд орон нутагтаа нэр дэвшигчдээ тодруулж байна. Тэр утгаараа нэр дэвшиж байгаа хүмүүс орон нутагт ажиллаж байгаа л даа. Тиймээс энэ хугацаанд чуулган ямар ч үр дүнгүй байхаар байсан.

-Таван толгойн төслийг өргөн барилаа гээд Л.Эрдэнэчимэг гишүүн яриад байсан. Үүнийгээ хэлэлцэхгүй байсан юм уу?

-Тодруулж өргөн барьж байгаа Улсын Их Хурлын тогтоол юм билээ. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоол бий. 51 хувиас доошгүй хувь нь төр, ард түмний мэдэлд байна.

100 хувь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн. Аль ч уул уурхайн том төсөл ордынхоо бизнес төлөвлөгөөг хийгээд ТЭЗҮ-ээ гаргаад банкнаас зээлээ аваад явдаг. Тиймээс уг тогтоолын төслийг тодорхой болгочихьё гэдэг үүднээс өргөн барьсан  байх. Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд нүүрсний үнэ тааруу байгаа. Цаашид нүүрсний үнэ сэргэх хандлага харагдаж байна. Үнэ сайжирчихвал иргэдийн хувьцаа ч амилах боломж бүрдэнэ.

-Зургадугаар сарын 23- нд чуулганы хуралдаан зарлалаа гэхэд та чуулгандаа ирэх үү?

-Зургадугаар сарын 23-нд чуулган зарлалаа гэвэл ид сонгуультай л явж таарах байх даа. Тухайн үеийн цаг заваа харж байж л шийднэ.

-Өнгөрсөн дөрвөн жилийг хугацааг та хэрхэн харж байгаа бол. АН-ын хувьд олонх болж чадаагүй ч хамгийн олон суудал авсан. Эдийн засгийн хувьд амаргүй цаг хугацааг тууллаа. Улс төрийн хувьд Засгийн газраа огцруулсан, “Шударга ёс” эвслийн бүлэг задарсан гээд яривал их зүйл байна л даа?

-Өнгөрсөн жилийн хувьд УИХ, Засгийн газрын түвшинд ажил хийсэн он жилүүд байсан. Маш олон хууль батлагдлаа. Нийгэм, эдийн засгийн чиглэлтэй урт хугацааны хөгжлийн  бодлоготой болж авсан нь том ололт. Татварын шинэчлэл, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой шинэчлэлүүдийг амжилттай хийж чадлаа. УИХ дахь АН-ын бүлэг “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтран Засгийн газраа байгуулсан. Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа хуралдаж чадахгүй зүйл ч байлаа. Тухайлбал, 2012 оны наймдугаар сараас 2014 оны нэгдүгээр сар хүртэл нийт чуулганы хугацааны хугацааны 60 гаруй хувьд нь хэн нэгнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн.

Монгол Улсын хувьд түүхий эдийн эдийн засаггай, түүхий эдийн экспорттой. Супер цикл буюу ашигт малтмалын үнэ өндөр байсан мөчлөг дууссан үед Ардчилсан нам төвтэй эвсэл Засгийн эрхийг барьсан. Гэхдээ бид эдийн засгийн энэ хурдацтай уналтыг тэр чигт нь орхисон бол байдал улам дордох байсан. Үүнээс сэргийлж бонд гарган иргэдийнхээ ажлын байрыг хадгалах бодлого барьсан нь алдаагүй.

Бидний дараагийн зорилт бол монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх экспортыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлага юм. Манай орны хувьд импорт хийснээс экспорт хийсэн нь тав дахин ашигтай байх боломжтой. 

Тиймээс ажил хийж байгаа хүмүүсийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий.

-Сүүлийн үед оффшор данстай холбоотой асуудал анхаарлын төвд орчихлоо. Танай намынхан оффшор данстай хүмүүсийг Их хуралд нэр дэвшүүлэхгүй гэдэг зүйлийг ч ярьж байна. Оффшор данс эзэмшигчдийн хүүхдүүд нь Их хуралд орохоор зэхэж байна гэхчилэн янз бүрийн л мэдээлэл гарах боллоо. Таны байр суурь ямар байгаа бол?

-Оффшор бүст байгаа банкинд мөнгөө хадгалуулна гэдэг нь хадгаламжийн хүү бага байдгийг нь мэдсээр байж хадгалуулж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хууль бусаар олсон орлогоо нууж байна гэж ойлгох хэрэгтэй. Т өрөөс төрсөн тэмбумтнуудын залгамж халаа үр хүүхэд нь эсвэл түүнд хамаарал бүхий нөхөд төрд шургалахгүй байх замыг хаахгүй бол энэ улсад шударга ёс тогтохгүй. Энэ улсад шударга ёс тогтож байж л хөгжинө.

Тэр тусмаа төрийн өмчийн аж ахуйн нэгж тухайлбал, “Эрдэнэт”, Таван толгой ч гэдэг юм уу үүнийг тойрсон шунал нь дийлдэхгүй яваа хүмүүс янз бүрийн аргаар олсон орлогоо оффшорт нуусан талаар мэдээлэл гарч байгаа. Тэр хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхэд нь улс төрд орох гэж яваа бол маш зохисгүй зүйл. Тиймээс энэ тал дээрээ улс төрийн намууд хариуцлагатай хандаасай гэж хүсч байна.

-Уг нь энэ долоо хоногт оффшорын хуулиа баталчих юм яриад байсан боловч амжсангүй. Баталчихсан бол улам л хүчтэй болох байжээ?

-Уг нь хуулиа батлаад илүү тодорхой болгочихсон бол зүгээр байлаа. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Үндсэн хууль, Т атварын хуулиудаар орлогын үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалжээ гэдэг нь тодорхой болчих юм бол юун нэр дэвших вэ. Өөрсдөө ёс зүйн хувьд татгалзах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшсэн ч гэсэн ухаалаг ард түмэн хариу барих байх аа л гэж бодож байна.

Та өмнө нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Энэ удаа Архангай аймагт дэвшинэ гэсэн яриа гараад байна. Үнэн юм уу. Яг аль тойргийг нь онилоод байгаа вэ?

-Өнөөдрөөс (өчигдөр) нэр дэвшилт эхэллээ. Миний хувьд Баянзүрх, Налайх дүүргийн иргэддээ үргэлж баярлаж явдаг. Тэдэнтэйгээ үргэлж холбоотой ажиллана. Монгол Улс экспортыг нэн тэргүүнд тавих шаардпагатай байгаа гэдгийг би дээр хэлсэн. Манайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах хангалттай нөөц боломж бий. Анх удаа бид Азийн болон олон улсын интеграцид оролцох боломжтой боллоо. Энэ нь Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Мөн 2017 онд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орно.

Ингэснээр агаарын тээврийг хөгжүүлэх асар их боломжтой. Би аав, ээж, улс орныхоо буянд инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Монгол Улсыг тэргүүлэгч хөгжилтэй болгоход экспорт маш чухал тул өөрийн мэргэжлийн ашиглах нь зөв гэж үзсэн. Одоо бол хөрөнгө оруулагчид хөдөө рүү ихээхэн анхаарал хандуулж байна. Нөгөө талаас би өөрөө малчны хүүхэд л дээ. Нэг суманд бага сургууль төгсч, өөр нэг суманд найман жил төгссөн. Арван жилээ мөн өөр суманд төгссөн хүн. Тэр утгаараа би Архангай аймгийн нэгдүгээр тойрогт нэр дэвших хүсэлтээ намдаа уламжлаад байгаа.