Нөөцийн мах худалдаанд гарлаа
2016.05.17

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нөөцийн махны худалдаа өнөөдрөөс /05.16/ эхэлж буйтай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар мах бэлтгэлийн “Баатарууд тэнгэр” ХХКомпанийн агуулахад очиж, нөөцийн махыг бэлтгэж байгаатай танилцлаа.

Засгийн газраас 2015 онд “Мах хөтөлбөр”-ийг баталж,  Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх болон  экспортлох сонирхолтой мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компани, аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 

Энэ хүрээнд нөөцийн махыг бэлтгэн борлуулах “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн, жилийн 12,5%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд олгох ажил эхлээд байгаа юм. 

Нөөцийн мах бэлтгэлтэй танилцах үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа 2013-2015 онд хэрэгжсэн “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт 7 компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан гэдгийг хэллээ. Мөн “Өмнөх жилүүдэд санхүүжилтийн дийлэнх хувийг Монгол банк гаргадаг байсан бол энэ жил махны нөөцийн бүх санхүүжилтийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, хяналт тавина. Энэ нь махны үнэ тогтворжуулах, нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа илүү зах зээлийн зарчмаар зохицуулагдаж, төсөвт ачаалал үүсэхгүй байх эхлэлийг тавьж байгаа юм” хэмээн онцоллоо. 

Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 7 дугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан, батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр нийлүүлнэ.

Ханшийн тухайд өнгөрсөн оны нөөцийн махтай харьцуулахад дунджаар 300 орчим төгрөгөөр хямд байгаа юм. Харин Монголын Үндэсний статистикийн газрын 5 сарын 11-ны өдрийн судалгаагаар зах зээлийн махны ханшнаас 21 хувиар хямд байна. 

 

Өмнө жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад бэлтгэсэн махны нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал өгдөг байсныг энэ жил олгоогүй. Гэсэн ч “Мах хөтөлбөр”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгосноор, нөөцийн мах иргэдэд хямд үнээр хүрэх боломжтой болж байгаа юм.