Боловсролын салбарыг шинэчлэх зорилгоо амжилттай биелүүлсэн
Боловсралын салбарт хийсэн шинэчлэлийнх нь талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Та дөрвөн жилийн хугацаанд БСШУ-ы сайдаар ажиллаж байна. Дүнгээ тавиулах тун дөхжээ. Энэ хугацаанд зорилгоо хэр биелүүлсэн бодож байна вэ?
-Би боловсролын салбарт ирэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эрхзүйн болон бодлогын орчинг бий болгож хөтөлбөр хэрэгжүүлэн, багш эцэг, эхчүүдийн хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон. Үнэхээр амжилттай ажилласан. Сургуулийн өмнөх, бага ангийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэн, зорилготой болгосон. Дунд, суурь боловсролын хөтөлбөрийг ч шинэчиллээ. Одоо ахлах ангийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ хавартаа дуусгана. Бүтээлч сэтгэлгээтэй, амъдралын ухаантай ард түмнийг бэлдэхээр ажиллаж байгаа. Мөн шинийг нээдэг иргэдийг бэлтгэхийг хүсч байна. Үүний тулд хөгжих хэрэгтэй. Хөгжил нийгмээ дагаад урагшлах болно.
Юутай ч зөв шатан дээрээ амжилттай гарч ирж чадлаа. Багш нар нэг баг болж ажиллаж чаддаг болсон нь гайхалтай. 1000 гаруй багш “ Хүүхэд бүрийн хөгжүүлэх” үндэсний чуулганаар хичээлээ яаж сайжруулсан туршлагаа солилцлоо. Үүнээс олон шийдэл гарсан. Цаашид сайн хичээлүүд дахин шинэчлэгдэж, улам сайжрах болно. Онц сурдаг хэдэн хүүхдийг тасалж аваад ажилладаг биш, бүх хүүхэдтэй ажилладаг арга зүй өдрөөс өдөрт хөгжиж байгаад баяртай байна. Хамгийн гол тэмүүлэх тэмүүлэл нь тодорхой боллоо. Тиймээс би өөрийн зорьсон зорилгоо амжилттай биелүүлсэн гэж бодож байна.
-Салбартаа их хөрөнгө оруулалт хийв үү?
-Багш бүрийг компьютертай, сургууль бүрийг лабораторитой болголоо. Төрийн өмчийн их сургуулиуд нарийн судалгааны лабораторитой болсоц. Номын сангууд шинээр ашиглалтад орсон гэх мэтчилэнгээр боловсролын салбарын бүх шатанд шинэчлэл хийлээ. Үүнд хөрөнгө мөнгө чухал байсан нь мэдээж.
-МУБИС-ийг манлайлагч жишиг сургууль болох ёстой гэж та хэлж байсан?
-МУБИС бүх талаараа хөгжиж чадсан гэж харж байгаа. Заах сургах тухай ярьдаг байсан бол суралцах тухай ярьдаг болсон. Онц сурдаг залуусыг үнэгүй сургадаг болсноор эдсэгчдийн чанарт маш том өөрчлөлт гарлаа. Эдгээр хүүхдийг сайн багш болгож гаргах зорилгоо МУБИС-ийн багш нар чанартай биелүүлж байгаа. Цаашдаа МУБИС боловсролын манлайлагч нь болно гэдэ1т итгэж байна.
-Инновацийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Дээд боловсролын хөтөлбөрийг шинэчлэх явцад чаддаг хүүхдүүдийг гаргаж ирэх ёстой, үүний тулд зөвхөн онолын биш практик мэдлэгийг түлхүү өгөх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Практик мэдлэгийг түлхүү өгөөд ирэхээр залуус бүтээл хийж, бүтээлч суралцахуй гэдэг зүйл бий болж байна. Харин тэрхүү бүтээлийг бизнесийн эргэлтэд оруулахыг инноваци гэж байгаа юм. Бид шинжлэх ухааны хоёр парк байгуулсан. Тэндээс компаниуд төрөх учиртай. Цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай ард түмнийг гаргаж ирэхийн тулд цэцэрлэгээс нь шинжлэх ухаан хүртэл явдаг бүтэн цикл угсрахыг зорьсон. Үүндээ ч хүрсэн гэж бодож байна.