Эрчим хүчний хэрэгцээний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс хангалаа
2016.04.08

Эрчим хүчний хэрэгцээний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс хангалаа

Эрчим хүчний салбар 2015 онд 5495.56 сая.кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийт хэрэгцээний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрээс хангасан байна.

“ДЦС-5” төсөл 

“ДЦС-5” төслийн концессын гэрээг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар бөгөөд концессын гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх юм.

“ДЦС-5” төслийн Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах, Дулааны эрчим хүч худалдах худалдан авах, Нүүрс гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллуулж, гэрээний хэлцлийг хийж харилцан санал солилцон ажиллаж байна.                                           

Багануурын 700 МВт-ын цахилгаан станц

Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор уралдаант шалгаруулалтаар шалгарсан компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосны дагуу БНХАУ-ын "China Nuclear Industry 22ND Construction" ХХК, төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан “Багануур паур” ХХК-тай Ажлын хэсэг концессын гэрээний хэлэлцээр хийж, нөхцөлүүдийг тохирсон.

2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар төсөлд оролцогчтой концессын гэрээ байгуулах шийдвэр гарсан. Ажлын хэсэг төсөлд оролцогчтой концессын гэрээний ерөнхий нөхцөлийн хэлэлцээрийг хийж дуусган 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр концессын гэрээ байгуулсан.

Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээрийг ажлын хэсэг төсөлд оролцогчтой хийж байна. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээрийг 2015 оны 6 дугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд ажлын хэсэг концесс эзэмшигчтэй хийсэн.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 250 Гкал/цаг чадалтай Амгалан дулааны станц

Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгуулж, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зуухыг анхны галлагаанд явуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Жуковын музейн зүүн хэсгийн хэрэглэгчлийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Уг станцын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулан ажилласан.

Монгол Улсын засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 371 тоот тогтоолын дагуу “Амгалан дулааны станц”-ыг  “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах шийдвэр гарсан.

Хөвсгөл аймгийн шинэ дулааны станц

Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил дуусч техникийн комисс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажиллуулсан.

Техникийн комисс ажилласнаас хойш тус станц 2014-2015 оны  өвлийн их ачаалалд ажиллаж 18.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдийн дулаанаар хангасан байна.

“ДЦС-4” ХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх

“ДЦС-4”-ийн хүчин чадлыг цахилгаанаар 100 МВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэх ажлыг бүрэн дуусч  2014 оны 12 дугаар сарын 22-нд туршилт зүгшрүүлэлтийн ажлыг эхлүүлж, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр туршилт, тохируулгын ажлыг дуусган, сүлжээнд залгасан.

Сүлжээнд залгаснаас хойш 3 сар ажиллаж нийт 215.3 сая кВтц цахилгаан эрчим хүч, 120 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн системд нийлүүлсэн байна. Одоо бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна.