Гурван сарын дотор долоон удаа түймэр гарчээ
Гуравдугаар сарын 28-нд ОБЕГ-аас мэдээлснээр он гарснаас хойш улсын хэмжээнд дөрвөн аймгийн долоон суманд долоон удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.
Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд тус бүр нэг удаа ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртөөд байна. Түймэрт хоёр айлын гэр, нэг саравч өртөж, 40 толгой мал хорогджээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч, зургаан автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч, найман автомашин, орон нутгаас 197 иргэн, 24 автомашин тус тус дайчлагдан нийт 329 хүн, 38 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Хаврын хуурайшилттай улирал ирж байгаа учир ой, хээрийн түймрээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг онцгойлон анхааруулсан байна.