Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулдаг.
Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр /2016.03.24/ ХХААЯ, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангитай хамтран Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх дохио дамжуулах дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалт 16.00 цагт эхэлж зөвлөмжийн дагуу ажиллалаа. Энэхүү “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” гэсэн зөвлөмжөөр бүх албан хаагчид 16:00 цагт эхний дохио дуугарахад ширээн доогуураа орж 1 минут хүлээнэ. 2 дахь дохио дуугармагц ширээн доороос гарч толгой дээрээ хатуу зүйл барин хагас суун даацын ханыг дагаж доорх хүснэгтийн дагуу хаалгаар байрнаас гадагшаа гарна.
Гадагш гарахдаа хагас суулттай, ярихгүй, эргэж харахгүй, 1 цуваагаар гарна. Гарахдаа хүн бүр хорт утааны багаа зүүсэн байх ёстой юм. Энэ нь гамшгийн үед учирч болох эрсдлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалах гарц гэдгийг сургалтын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн дарга, Онцгой байдлын хурандаа С.Чинзориг онцолж байлаа.