Суудлын бүс цагдаад харуулах үзүүлэн биш, амь нас хамгаалах зүйл
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбаттай замын тээврийн тээврийн ослоос урьдчилан ажлын үр нөлөөний талаар ярилцлаа.
Замын цагдаагийн газраас авто замын ослоос урьдчилан сэргийлэхэд ямар хэлбэрээр арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна вэ?
Замын цагдаагийн газар урьдчилан сэргийлэх ажлыг олон жил зохион байгуулж байна. Өмнө нь урьдчилан сэргийлэх бие даасан алба байгаагүй байснаа анх хэсэг хэлбэрээр байгуулагдсан. Дараа нь урьдчилан сэргийлэх хэсэг, одоо хэлтэс болон өргөжсөн. Аливаа зам тээврийн осол, зөрчил, дутагдлыг гарсан хойно нь арга хэмжээ авахаас гадна гаргахгүй байх талаас нь үйл ажиллагаа явуулбал зүйтэй гэсэн үүднээс урьдчилан сэргийлэх алба бий болсон.
Гэхдээ урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн энэ хэлтсийн хийх ажил биш гэдгийг хэлэх хэрэгтэй. ЗЦГ-ын ажилтан бүр, тэр байтугай иргэн хүртэл гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.
ЗЦГ урьдчилан сэргийлэх ажлыг бүх чиглэлд явуулдаг. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, сургуулиас эхлээд авто тээвэр бүхий байгууллага хүртэлх замын хөдөлгөөнд оролцогч болгонд хүрсэн ажил зохион байгуулахыг зорьдог. Ингэхдээ олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оролцоог өргөнөөр ашигладаг.
... Нэг үеэ бодвол сэтгүүлчид бидэнтэй хамтарч ажиллаж дадсан. Мөн сүүлийн үед цахим орчин, ялангуяа олон нийтийн сүлжээг ашиглан иргэдээс мэдээлэл, хариу өгөх ажлыг идэвхтэй өрнүүлж байна ...
Сурагчдад зориулсан сургалтыг танхимын болон телевизийн хичээл хэлбэрээр явуулж байна.
Энэ мэт ажлууд өөрийн үр дүнг өгдөг. Яагаад гэвэл хүн тогтмол мэдээлэл авч байх тусмаа аюулгүй байдлын дадал суудаг гэж үздэг.
Монгол Улсын хувьд хүн ам ч тэр, авто машин ч тэр тоо нь өсч байгаа. Дэлхийн улс орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийг гаргахдаа 100 мянган хүнд ногдох авто ослоор нас барсан хүний тоог авч үздэг. Монгол Улс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, нас баралт, гэмтлийг бууруулах НҮБ-ын 10 жилийн тунхагт нэгдсэний хувьд 2015 онд эхний таван жилийн тайлангаа өгсөн. Манай улс 183 орноос 122-т жагссан гэхээр төдийлэн амжилтанд хүрээгүй гэсэн үг.
... Монголд 100 мянган хүн тутамд авто замын ослоор 22 хүн нас бардаг. ...
Сүүлийн хоёр жилд бид энэ үзүүлэлтийг сайжруулахад чиглэж ажиллаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталсанаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тал дээр ямар дэвшил гарсан бэ?
Ер нь хууль бол өөрөө бүхлээрээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн. Энэ хуулийг шинэчлэн баталж, холбогдох журмуудыг баталснаар зам тээврийн осол мэдэгдэхүйц буурсан. Түүнчлэн ирэх есдүгээр сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль мөрдөгдөөд эхлэхээр осол, гэмтлийн тоо улам буурна гэж бодож байна. Яагаад гэвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж Захиргааны хариуцлагын тухай хууль нь нэгэн дор олон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулахдаа зөвхөн нэг зөрчилд торгууль ногдуулж, тэр хүнд ашигтай байдлаар шийдээд байдаг. Жишээ нь хамгаалах бүсээ зүүгээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй улаан гэрлээр орсон жолоочийг зөвхөн улаан гэрлээр орсных нь төлөө л торгодог. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан жолоочид нөлөөлж чадахгүй, жолооч сургамж авахгүй байна гэсэн үг.
... Харин шинэчилсэн хууль болон Зөрчлийн тухай хуульд зөрчил бүрт шийтгэл оноохоор тусгасан ...
Түүнээс гадна шинэ хуулиар зам тээврийн аюулгүй байдлын асуудал зөвхөн Зам тээврийн яам биш, БСШУЯ, ЭМЯ, ХЯ, ХЗЯ зэрэг яамдад хамаарч байгаа. Таван яам бүрийн чиг үүрэг, хариуцлага, эрхийг тодорхой зааж өгсөн. Хэрэв барьсан замын байгууламж нь асуудалтай байвал үүнийг хариуцсан инженерийн байгууллага хариуцлага үүрнэ. Харин эрүүл мэндийн байгууллага зам тээврийн ослоор гэмтсэн, нас барсан хүмүүсийн судалгааг гаргахад хамтарч ажиллах үүрэгтэй.
Сургуулийн орчим зам тээврийн аюулгүй байдлын хяналтын ажилтнуудыг ажиллуулдаг болсон. Энэ ажлын үр дүн ямар байна вэ?
Анх Замын цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмадуудаа тодорхой урамшуулалтай энэ ажлыг хийлгэж эхэлсэн. Цэнхэр хантаазтай, цэнхэр малгайтай, дохиуртай. Уг ажил үр дүнтэй байсан ч ахмад хүмүүсийг байнга ажиллуулах нь боломжгүй болсон. Тиймээс оюутнуудыг урамшуулалтай, мөн хүсвэл жолооны курст үнэгүй сургах нөхцөлтэй ажиллуулдаг болсон. Түүнчлэн дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтарч идэвхтэй ажил хайж байгаа хүмүүсийг ажиллуулдаг байсан.
Хожим ЗЦГ-ын Хэв журмын хэлтэс Сурагчдын холбоотой хамтран сурагчдын эцэг, эхчүүдийг “сургуулийн цагдаа”-гаар (school police) ажиллуулдаг болсон. Ингэхдээ ажилласан цагт цалин тооцож өгдөг. Энэ бүхний үр дүнд нэгдүгээрт сургуулийн орчмын хүүхэд өртдөг осол, гэмтэл багассан, хоёрдугаарт иргэд өөрсдөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихад оролцдог болсон.
Хуульд жолооч их осол гаргавал төгсгөсөн сургалтын байгууллага нь хариуцлага үүрэх тухай заасан байсан. Энэ заалт хэрэгжиж эхэлсэн үү?
Шинэчилсэн хуулиар жолооч бэлдэх үйл ажиллагаа замын цагдаагийн байгууллагад хамаарахаа байж Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төв хариуцахаар болсон. Энэ төв галт зэвсгийн хяналт, тусгай дуут дохионы зөвшөөрөл, жолооч бэлдэх ажлын хяналт гэх зэрэг цагдаагийн байгууллагаас олгодог бүх төрлийн хяналт, зөвшөөрлийг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл одоо жолооны шалгалтыг замын цагдаа биш, энэ байгууллага авна гэсэн үг.
... Саяхнаас жолооны дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр өгдөг болсон ...
Харин жолооч сургах ажлыг хөдөлмөрийн яам хариуцахаар хуулинд заасан. Гэхдээ одоо энэ системд хараахан шилжээгүй байна.
Жолооч муу бэлтгэгдсэнээс болж гарсан осол, аваарийн талаар судалгаа байдаг уу?
Сайн жолооч болох эсэх нь хүн болгоны хувьд харьцангуй. Долоо хоногийн хугацаанд жолоо бариад сурчихдаг хүн байхад, хоёр сар сураад дадал суудаггүй хүн байдаг. Тиймээс дэлхийн зарим орнуудад заавал тодорхой хугацааны дотор жолооч бол гэж шаардалгүй, тухайн хүний боломжтой хугацаанд, хүссэн хувилбараар нь сургадаг систем бий. Хүн бүрт зориулагдсан ийм сургалтыг манайд нэвтрүүлэх шаардлага байна.
Зам тээврийн ослууд олонхи тохиолдолд жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Харин зам тээврийн осол гарахад нөлөөлдөг жолоочид хамаарахгүй нөхцөл манай улсад бүрэн бүрэлдсэн үү?
Замын хөдөлгөөний аюулгүй байдалд гэдэгт хүн, тээврийн хэрэгсэл, замын орчин, эрх зүй гэсэн дөрвөн зүйл нөлөөлдөг. Хэрэв хүн буюу жолооч, явган зорчигчид хариуцлагатай, тээврийн хэрэгсэл нь бүрэн, замын орчны тэмдэг, тэмдэглэгээ нь ойлгомжтой, машин, явган зорчигч хоёр давхцахааргүй зохион байгуулалттай, чадамж бүхий эрх зүйтэй байвал аюулгүй байдал хангагддаг. Монгол Улс сүүлийн гурван жилд замын зохион байгуулалтыг тасралтгүй сайжруулсаар ирсэн. Үүний ачаар замын хөдөлгөөний эрчим сайжирсан. Шинэчилсэн хууль баталсанаар чадамжтай эрх зүйтэй боллоо.
Харин одоо жолоочоо сайн бэлдэж, иргэн хүн өөрөө бусдад саад бололгүй замын хөдөлгөөнд оролцдог болох ёстой. Энэ хэцүү зүйл биш. Явган зорчигч явган хүний замаар явж, гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарахад л хангалттай. Зорчигч машинд суухдаа зөв талаас нь сууж, суусан хойноо хамгаалах бүсээ бүслэхэд аюулгүй байдал хангагдана. Жолооч хүн хамгаалах бүсээ бүсэлж, хурдаа тохируулаад, хэн нэгэнд саад болохгүй хөдөлгөөнд оролц. Ийм байхад л болоо. Эдгээр энгийн дүрмийг дадал болгоход зам тээврийн осол эрс багасна. Замын хөдөлгөөний аюулгүй байдаг гэдэг зөвхөн замын цагдаагийн байгууллагын ажил биш шүү дээ.
Гэвч харамсалтай нь манай иргэдэд ийм дадал суугаагүй байна. Хамгаалах бүсээ байнга зүүж хэвшихгүй байна. Зарим жолооч зөвхөн цагдаад харуулах гэж бүсээ бүсэлдэг. Хамгаалах бүс бол цагдаад харуулах үзүүлэнгийн материал биш, амь насыг хамгаалах зүйл.