“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулган боллоо
2016.03.23

“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулган боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулган, Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах сургалт семинар зохион байгууллаа.

Тус чуулганд Монголын өргөн нэвтрүүлгийн 200 гаруй контент бүтээгчид оролцож санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг хийлээ.

Чуулганд Солонгосын тэргүүлэх “KBS”, “MBC”, “EBS” телевизүүдийн төлөөлөл ирж контентийн тал талын чиглэлээр мэдээлэл өгч санал солилцлоо. Илтгэлээс дурьдвал “KBS” олон нийтийн телевизийн контентийн асуудал хариуцсан газрын дарга Пак Санг Мин Солонгосын мэдээний стандарт ямар байдаг, үзэгч олноос далд байдаг мэдээний алба хэрхэн ажилладаг, сэтгүүлчийн ёс зүйн талаар, “MBC” телевизийн ахлах продюсер Ким Гын Хун Солонгосын олон ангит киноны санхүүжилт, орлог зарлага болон контент хэрхэн түгээдэг талаар мөн CISAC, Олон улсын зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Н.Ж.Бэнжамин зохиогчийн эрхийн асуудал болон өргөн нэвтрүүлгийн чиг хандлагын талаар илтгэл тавьж олон улсын шилдэг туршлагуудыг давхар танилцууллаа.

Энэхүү чуулганы хүрээнд дотоод гадаадын мэргэжилтнүүд санал бодлоо солилцож хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

    Хууль эрх зүйн хүрээг шинэчилж сайжруулах, төрөөс бодлогыг бий болгох

    Боловсон хүчин бий болгох дэд бүтцийг төрөөс бий болгох

    Оюуны өмчийн зохицуулалтыг сайжруулах

    Стандарт бий болгох

    Контентийг төрөлжүүлэх

    Соён гэгээрүүлэх контентийг хэн хэрхэн хүлээж авах талаас харгалзан контент үйлдвэрлэх

“Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулган нь контент үйлдвэрлэгч түгээгчдэд өргөн хүрээний мэдээ мэдээлэлийг солилцох, олон улсын стандарттай танилцах боломжийг бүрдүүлсэн том хэмжээний чуулга болон өндөрлөлөө.