Хөдөө орон нутагт интернетийн үнэ 13000 төгрөг болж буурлаа
Засгийн газрын 123 дугаар тогтоолын дагуу орон нутагт интернэтийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хургэхээр болсон.
Үүний үр дүнд хөдөө орон нутгийн иргэд 1Mbps интернэтийг 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс 13 мянган төгрөгөөр ашиглах боломж бүрдлээ. Үнийг буулгахаас гадна интернэтийн хурдыг 3,4 дахин нэмэгдүүлжээ. Өмнө нь орон нутагт дээд тал нь 300 Kbps хурдтайгаар нэг вэб хуудсыг 40 секундэд уншуулдаг байсан бол одоо нэг Mbps хурдтайгаар 11 секунд зарцуулдаг болж байгаа юм.
Энэ нь гурван минутын дууг 120 секунд уншуулдаг байсныг 32 секунд болгож багасгасан гэсэн үг. Ингэж орон нутгийн иргэдэд интернэтийг тэгш, хүртээмжтэй хүргэснээр төрийн үйлчилгээ ойртох боломж бүрдэнэ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тайлбарлав.
Эхний ээлжид 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбож байна. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Булган, Говь Сүмбэр, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт интернэтийн хурд нэмэгдэж үнэ буурлаа. Харин Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан Ховд, Увс аймагт сүлжээний өргөтгөл хийж дөрөвдүгээр сарын 1 гэхэд холбох зорилго тавьжээ. Үүний үр дүнд Монгол Улс ижил үнэ, тэгш хурдаар интернэт ашиглах боломжтой болох нь.