Хамтарч эхлүүлсэн ажлаа бүрэн эрхийнхээ хугацаанд дуустал хийх хэрэгтэй
Усны өдөр тохиосонтой холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа. Тэрбээр УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн даргын албыг хашдаг.
-“Ухаалаг ус” төсөл хэрэгжиж байгаа. Үүнтэй холбогдуулан салбар яам болон Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
-Бид эхний ээлжинд гүний усны нөөцийг бүрэн тогтоох, түүндээ хяналт тавих, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах чиглэлд бодлого хэрэгжүүлж байгаа. Дэлхийн банк, Автралийн Засгийн газрын буцалтгүй гэх мэтээр зарим санхүүгийн дэмжлэгээр Монгол Улсынхаа өмнөд хэсэгт одоогийн байдлаар 115 цооног өрөмдөөд гаргачихсан.
Цаашид 120 цооног өрөмдөхөөр төлөвлөөд байна.
Үүгээрээ бид уул уурхай хөгжиж буй өмнийн бүсийн усны нөөцийг бүрэн гаргахаар ажиллаж байгаа. Улаанбаатар хот болон төвийн бүстээ гадаргуугийн нөөцийг бүрэн тогтоох. Уулын амуудад байдаг худгуудад түшиглээд гүний усны мониторинг хийх төслүүдийг хийж байна.
-Усны тариф өөрчлөгдөх тухай яригдаж байсан?
-Хэдхэн хоногийн өмнө Усны үндэсний хороо хуралдаж усны тарифыг өөрчлөх тухай яригдсан. Ундны болон технологийн, ахуйн гээд усны хэрэглээний тарифт усны үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа.
-Тарифын талаар жаахан дэлгэрүүлбэл?
-Тарифыг бүс болон нийслэл, технологийн зориулалт гээд задаргаа хийхээр маш олон төрлөөр хуваагдана. Нэг бүрчлэн ярихад маш төвөгтэй. Хэрвээ энгийн хүн харвал маш зузаан ном шиг байдлаар байдаг юм. Түүнийг энэ удаа шууд задалж ярихад жаахан төвөгтэй. Жишээ нь ундны усных өөр байхад үйлдвэрүүдийнх зориулалтаасаа шалтгаалаад өөр байдаг.
-Ундны ус нэлээд хямд талдаа, 50 орчим төгрөг байдаг. Энэ удаа нэмэгдэж байгаа юу?
-Цаашид хоёр төгрөг болгох талаар ярьж байгаа.
-Усны нөөцийг хамгаалахаас гадна менежментийг зөв хийх шаардлагатай байдаг байх?
-Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагт байгалийн эко системийнхээ хүрээнд гол, нууруудын 29 ай сав байдаг. Тэдгээр газруудад нь менежмент хийж, голын ус зөв голидолоороо урсаж буй эсэх, бохирдуулахгүй байх, хэрэглээг зөв болгох, ус ашигласны төлбөрийг орон нутагт хураах гэх мэтчилэн ажлуудыг хийдэг 21 захиргаа ажилладаг.
Бид эдгээр байгууллагуудынхаа байршил, хүн хүчийг зөв тогтоох, албан хаагчдаа сургаж, дадлагажуулах чиглэлийн ажлуудыг хийж байгаа. Энэ мэтчилэн нэлээд ажлыг хийж, цэгцэлж байна.
-Усны салбар гэхээр баргийн хүн тэр бүр ойшоогоод байдаггүй ньанзаарагддаг. Ер нь энэ чиглэлийн боловсон хүчний хувьд хэр байдаг бол?
-Усны салбарт 680 орчим боловсон хүчин бэлтгэгдэн гарсан байдаг. Тэдний 430 захиргаа, судалгаа, бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа. Мэдээж энэ бол чамлалттай тоо. Энэ хүмүүсээ цаашид нэмэгдүүлэх учиртай.
Өөрөөр хэлбэл салбарын боловсон хүчнийг илүү сайн бэлтгэж, инженер, судлаачдаа нэмэгдүүлж, нуур, усны тооллогоо дахин хийе гэх зэрэг ажлыг төр, засгийн зүгээс яаралтай хийж, зайлшгүй анхаарах ёстой гэж үзэж байгаа.
-Та хэдийгээр салбар сайдын хувьд арга хэмжээнд оролцож байгаа ч УИХ дахь “Шударга ёс эвсэл ”-ийн бүлгийн даргын хувьд хоёр гишүүнтэй тань бүлгээс гарлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай бүлэг эрх зүйн чадамжтай байгаа. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө ажиллана. Ер нь сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд сонгогчдын зүгээс оногдуулсан үүрэг хариуцлагаа бид хүлээх ёстой.
2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бид нийт сонгогчдын 23.4 хувийн саналыг авч, парламентад 11 гишүүн тангараг өргөж, бүлэг байгуулсан. Дараа нь АН-тай хамтран Засгийн газрыг байгуулахаар гэрээ байгуулж, хамтран ажиллаж ирсэн.
Тиймээс нэгэнт хамтарч эхлүүлсэн ажлаа бүрэн эрхийнхээ хугацаанд дуустал хийх хэрэгтэй. Миний хувьд ийм байр суурьтай байна. Тухайн гишүүн, намын дарга нар, бусад хүмүүсийн хооронд байдаг улс төрийн харилцааны талаар сонсогдож байгаа учраас би өөртөө хамааралтай хэсэгт л хариулъя.
-О.Баасанхүү гишүүн бүлэг хэрхэхийг шийдэхээр болчихлоо. Танд ямар нэгэн байдлаар дуулгасан зүйл бий юу?
-Мэдэхгүй. Одоогоор надад ямар нэгэн асуудал хэлээгүй, би сонсоогүй.