“Хоёр нам эвсэх эсэхийг ажлын хэсэг шийднэ
2016.03.21

“Хоёр нам эвсэх эсэхийг ажлын хэсэг шийднэ

МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооны дарга Г.Давааням, Хэвлэл хариуцсан дарга Б.Тулга, МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших асуудлыг хязгаарлахын тулд ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж гүтгэж байна. Мөн намын дотроос гарч ирсэн урвагчид авлига, залилангийн хэрэгт гүтгэх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэсэн юм. Тиймээс намын гүйцэтгэх товчоо хуралдаж гишүүд дэмжигчид, олон түмэнд хандаж “Мэдэгдэл” гаргаж, танилцууллаа.

МАХН-ыг бодитой дарамталж байгаа факт байна. Тухайлбал МАХН-ын санхүүгийн өрөөг лацдаж битүүмжилсэн. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш бүх баримт бичиг битүүмжлэгдчихлээ. Ингэснээр санхүүгийн аудит хийлгэх боломжыг таслан зогсоож байна. Намын дотоод үйл ажиллагаа руу орж, намыг хагалах ажиллагаа тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаад байна гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэллээ.


Ийнхүү хэвлэлийн хурал хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Г.Шийлэгдамбын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-МАХН-ын хяналт ёс зүйн хороо Г.Шийлэгдамбын асуудлыг авч хэлэлцсэн. Түүний гаргасан намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх асуудлыг намын бага хуралд оруулахаар төлөвлөсөн байна. Худалдан авах ажиллагааны дэд дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн Л.Цог нарын асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ.

-Ёс зүйн хариуцлага тооцно гэж байна. Ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн хугацаанд Г.Шийлэгдамбын хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө. Шаардлагатай бол албан тушаалаас нь эгүүлэн татах болно. Мөн бага товчоо, гүйцэтгэх товчооны албан тушаалаас нь чөлөөлнө.

-УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслээс гарах тухай асуудал яригдаж байна. Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:

-Хэвлэлийн хурал болохын өмнө энэ асуудлыг сонслоо. Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарна гэдэг нь сонин мэдээ биш. Яагаад гэвэл сүүлийн саруудад дандаа намынхаа эсрэг ажиллагаа явуулж байсан. Энэ нь эртнээс бэлтгэсэн тодорхой бүлэглэлүүдийн явуулж байгаа арга ажиллагаатай уялдсан зүйл байсан. Одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга байна.

-МАХН, МАН сонгуульд эвсэж орох уу?

Хэвлэл хариуцсан дарга Б.Тулга:

-Манай хоёр нам өнгөрсөн долоо хоногт хуралдаад хоёр нам сонгуульд эвсэж орох ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Манай нам бол ажлын хэсэг байгуулсан. Ц.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс ажилдаа ороод явж байна. МАН-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Газрын дарга н.Мөрөн нар ажлын хэсэгт багтсан байна. Өнөөдрөөс хоёр ажлын хэсэг уулзаад ажлаа хийгээд явах байх.