Ахмадуудтайгаа золгов
2016.02.19

Ахмадуудтайгаа золгов

МАХН-ын дарга Н.Энхбаяр намын ахмад гишүүдээ өчигдөр хүлээн авч сар шинийн золголт хийж хүндэтгэл үзүүлсэн юм. Золголтод МАХН-ын ахмад гишүүд болоод намын төв хорооны улс төрийн товчооны дарга, Аж үйлдвэрийн сайд, асан П.Дамдин, намын төв хорооны улс төрийн товчооны орлогч дарга асан Л.Лантуу, УИХ-ын дарга асан Ж.Гомбожав, МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар ирсэн.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “МАХН-ын төв хороонд ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууддаа гал мичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Намын улс төрийн товчооны үе үеийн дарга нартайгаа сар шинийн золголт хийж байна. Ахмадууд маань МАХН, МАН нэгдэх талаар хүсэлтээ тавьсаар ирсэн. Энэхүү хүсэлтийг манай нам хүлээн авч хүчин чармайлт гаргасан.

Бидний хүчин зүтгэлийн ачаар жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Эх орончдын баярыг хоёр нам хамтран тэмдэглэхээр болсон тухай сайхан мэдээг та бүхэнтэй золгож байгаа энэ мөчид дуулгахад таатай байна. Ахмад үеэсээ бид суралцаж, тэднийхээ үг сургааль хүсэлтийг сонсож, авах гээхийн ухаанаар хандсаар ирсэн. Цаашид ч энэ байдал тасралтгүй үргэлжилж түүх, түүхээрээ байх ёстойг дахин хэлмээр байна” гэв.