Иргэд хар машин гэж нэрлэдэг төхөөрөмжөөс айж байна
Намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ажлаа тайлагнаж байгаа.
Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг тойрогтоо ажиллаж байх үеэр нь уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн өдрүүдэд та тойрогтоо ажиллаж, намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж байна. Энэ хугацаанд хэдэн газраар ороод байна?
-Дүүргийнхээ 32 хороогоор орж, иргэдийнхээ байр суурийг сонслоо. Өөрөөр хэлбэл, чуулганы хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, уулзалт зохион байгууллаа.
-Мэдээж сонгогчид тань УИХ-д суугаа төлөөлөлдөө үг хэлж, захиас дайсан л байх.Гэхдээ дийлэнх нь яг ямар саналыг түлхүү байх юм бэ?
-Иргэдийн зүгээс олон л зүйлийг хэлж байна. Амьдарч байгаа орчинтойгоо холбоотой тог, усны хүрэлцээ муу гэх мэт.
Гэхдээ хамгийн ихээр ярьж байгаа зүйл нь тэд өөрсдийнх нь амьжиргаа муудсанд биш улсын гадаад өрийн хэмжээнд зовж байна.
Нэг хөгшин бүр “Манай улсын тус бүр гадаадад 10 гаруй сая төгрөгний гэж байна. Энэ үнэн үү. Би бүр үүнийг бодоод унтаж чадахаа байлаа” гэж байна.
-Өөр ямар саналыг хэлж байна вэ?
-Ахмадууд маань тэтгэвэр нэмэгдэхгүй байгаад бухимдалтай байна. Дээрээс нь хороодоор уулзалт хийгээд явж байхад уулзалтад ирсэн тэтгэврийн насны иргэдийн дийлэнх нь энэ төрлийн зээлтэй тухайгаа хэлж байна. Тэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулж болох талаар ч асууж байна билээ. Мөн газар олголтын талаар их ярилаа.
-Цахим газар олголтын талаар ямар саналтай байх юм?
-Цахимаар газар олгосноос хойш малын бэлчээр газарт нь дүүрэн машины дугуй, шон зоочихоод мал бэлчих газаргүй боллоо гэцгээж байна. Уг нь, энэ цахим газар өмчлөл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.
-Яагаад хууль зөрчиж байна гэж. Та маш товчхон хариулахгүй юу?
-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өргөдөл гаргаад ямар ч сугалаа тохиролгүйгээр газар өмчлөх эрхтэй гэсэн байдаг. Үүнтэй зөрчилдөж байна.
-Ойлголоо. Харин залуус ямар зүйлийг уламжилж байна?
-Залуусын тухайд ажлын байрны хүрэлцээ муу байгааг шүүмжилж байна. Ажил алба эрхэлдэг нэг нь хүүхдийнхээ сурах сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ярьж байна. Бас нэг чухал зүйл нь энэ нийтийн тээврийн автобусны богино рейсээс болж иргэд маш их хохирч байгаа талаараа хэлж байна билээ.
Залуусын хувьд ажилдаа явах гэж хоёроос гурав дамжих нь санхүүгийн хувьд бэрхшээл үүсгэж байгааг хэлж байсан. Түүнчлэн хувиараа бизнес эрхэлдэг буюу дэлгүүр ажиллуулдаг залуус кассын машиныг авахад хүндрэлтэй байгаа юм билээ. Дийлэнх нь жолоочид ногдуулах торгуулийн хэмжээ хэрээс хэтэрлээ гэцгээж байна.
Халтуур хийдэг зарим нэг нь “Би өдөрт 40 мянган төгрөг олдог байсан бол одоо торгуучивал 20 мянган төгрөгтэй харих нь байна шүү дээ. Үүгээр яаж амьдрах юм бэ” гэж байна.
-Торгууль гэснээс торгуулиас олсон орлогыг улсын төсөвт суулгадаг болсон гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Уг нь энэ чинь хэрэг, зөрчил гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх зорилготой зохицуулалт шүү дээ. Гэтэл одоо бүр алдаа гарахыг нь анаж байгаад торгоно гэдэг хэр зохистой вэ.
Бүр улсын төсөвт торгуулийн онооноос 11.1 тэрбум төгрөг олно гээд тусгачихсан. Тэгвэл урьд нь 2012-2015 онуудад хэдийг авч байсан бэ гээд бодохоор өөр асуудал.
-Та үүнтэй санал нийлдэг үү?
-Өнөөгийн энэ нөхцөл байдалд иргэдээ торгож, төсөв бүрдүүлнэ гэдэг байж боломгүй зүйл.
Бодит байдал дээр халтуур хийж хэдэн төгрөг олдог жолооч өнөөдөр 19200 төгрөгөөрөө торгуулчихвал гэртээ хэдэн төгрөгтэй харих вэ.
Эдийн засгаас хямарлаас гарна гэж яриад байгаа мөртлөө энэ мэт арга хэмжээ авч байгаа хүмүүсийг ойлгохгүй юм.
-Сонгуулийн тухай хууль тэр дундаа санал тоолох автомат машины асуудалд хоёр нам эсрэг байр суурьтай байгаа. Тэгвэл иргэд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуультай холбоотойгоор иргэдийн зүгээс асууж байгаа нэг том асуудал нь санал тоолох автомат машин буюу хар машин. Иргэд энэ машинд төдийлөн итгэдэггүй юм байна. Саналыг нь луйвардчих вий гэсэн хардлага тэдэнд байна.
Нэг иргэн “Ер нь иргэд бидний амьдрал, амжиргааг дээшлүүлж илүү сайн сайхан ирээдүйг цогцлоогооч гэдэг үүднээс сонголтоо хийдэг. Тиймээс тэр хар машин гэж нэрлээд байгаа төхөөрөмжөөс айж байна" гэж байна билээ.
Манай намын бүлэг саналын 50 хүртэлх хувийг гараар тоолох санал оруулсан гэтэл иргэд үүнийг бүр 100 хувь гараар тоолсон ч болохгүй гэх газаргүй гэсэн бодолтой байна. Түүнчлэн энэ хуульд нэрийн жагсаалт гээчийг иргэд болиулж өгөөч гэж байна.
Жагсаалтын сонгогдсон гишүүдийн тухайд иргэд юу ч хийдэггүй ямар ч сэтгэлгүй ер нь намынхаа нэг гишүүнтэй эсвэл бүр өөр нэг гишүүнтэй хамтраад тойрогт нь хамтдаа ажил хийж болдоггүй юм уу.
УИХ-ын гишүүн гэх сэтэрнээс өөр зүйлгүй хүмүүс л дөрвөн жил явах юм гэцгээж байна. Тэдний бас нэг айж байгаа зүйл нь өмнөх сонгуульд жагсаалтаар гарч ирсэн хүмүүс дахиад энэ сонгуулиар гараад ирэх вий гэсэн хардлагатай байна.
-Ер нь тийм боломж бий юу. Таны хувьд ер нь энэ жагсаалтын тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Магадгүй гэсэн яриа байгаа. Миний хувьд дээр хэлсэн иргэний жишээтэй адил байр суурьтай байдаг. Ер нь жагсаалтаар орж ирсэн гишүүд сэтгэлгүй ажилладаг шиг санагддаг.
Би тойроггүй надад уулзаж, санал бодлоо солилцох сонгогчид байхгүй, очоод ажил хийх тойрог, аймаг, дүүрэг байхгүй гэдэг бодлоор яваад байх шиг санагддаг.
Уг нь нээрээ л намынхаа нэг гишүүнтэй эсвэл өөр хэн нэг гишүүнтэй хамтраад тухайн орон нутагт нь тулгамдаж байгаа асуудлыг шийдэлцээд явжболно шүү дээ. Гэтэл манайханд тэр нь ховор юмдаа.
-Таны сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт дахин төлөвлөлтийн асуудал бас их яригддаг. Иргэд газрын асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Бүх дүүрэгт л газрын асуудал байгаа. Дахин төлөвлөлтийн тухайд сая уулзалтаар явахдаа зарим хороодод шалгарсан барилгын компанийх нь төлөөллийг авч явж иргэдтэй уулзууллаа.
Нөгөөтэйгүүр цахим газар олголт гэдэг зүйл явагдсанаас болоод захын гэр хорооллын малчин иргэд малаа бэлчээх газаргүй болж байна.
Дүүргээс газар олгох гэхээр нөгөө цахим газар олголттой давхардчих гээд байдаг. Цахимаар олгосон газруудад хашаалсан хамер дугуйнаас болж орой бүрийд иргэд бас мал сүрэг олноороо бэртэж гэмтэж байна. Жишээ СХД-ийн 21 дүгээр хороонд малын бэлчээргүй болчихсон байна.
-Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн том нутаг дэвсгэртэй дүүрэг. Түүнийхээ хэрээр хүн ам ч их. Ингээдбодохоор томынхоо хэрээр төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учрах асуудал байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Дүүргийн хүн амын тоо өдгөө хоёр дахин их болчихсон. Манай дүүргийн хамгийн хол хороо нь хуучнаар партизаны Сангийн аж ахуй шүү дээ. Тэгэхээр цагдаа, эмнэлэг гэх мэт үйлчилгээг тэдэнд хүргэнэ гэдэг маш том асуудал.
Сүүлийн үед амьжиргааны түвшин муудсанаас болоод 61-ийн гарам, партизан хавиар хулгай тэр дундаа малын хулгай гаарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд тэнд цагдаагийн зөөврийн кубон байрлуулахаар болсон.
Манай цагдаагийнхан дуудлага аваад дүүргийнхээ хамгийн захын хэсэгт очиход худалч хүнд бараг 90 орчим км явж хүрдэг. Гэтэл бусад дүүргүүд дунджаар 15-20 км л зарцуулдаг. Харин тэдэнд ирж буй бензин тосны хангамж нь яг адилхан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутагт өөрийн төсөв бүрдүүлэх боломжийг хайж байна.