Иргэд "Өрөндөө газраа өгөх үү" гэж асууж байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.03.10

Иргэд "Өрөндөө газраа өгөх үү" гэж асууж байна

УИХ-ын чуулганы завсарлагаанаар ихэнх гишүүн гадаад, дотоод томилолт өвөртлөн ажиллаж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-Таныг тойрогтоо ажиллах явцад сонгогчдын зүгээс тавьж буй асуудал юу байна?

-Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хамгийн их сонирхож байна. Энэ талаар нийслэлийн удирдлагуудын хийж байгаа зүйл уг нь зөв. Тухайлбал нийслэлийн зам талбай, орон сууцтай холбоотой ажлууд бий шүү дээ. Хэрэв бид эрх барьж байсан бол мөн л эдгээр асуудлыг барьж авах байсан. Гол нь тэдний төлөвлөлт болон аргачлал нь алдаатай байна. Тиймээс аргачлалаа эргэж хараад, хуульд нь нийцүүлээч гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Мөн үүнийгээ улсын төсөвт нэгдсэн байдлаар оруулах.

-Улсын эдийн засгийн байдал сайнгүй байна. Энэ нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлж байгаа нь сонгогчидтой уулзах үеэр мэдрэгдэж байна уу?

-Тийм. Иргэдийн хувьд маш бухимдалтай, аргаа барсан байдалтай байна. Гэхдээ энэ бүхнийг засч залруулах боломж бидэнд байна уу гэвэл байна. Төр засаг нь тогтвортой, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж байж нийгмээ чирч явдаг. Ингэж байж нийгэм нь тогтворждог юм байна. Үүний дараа эдийн засгийн зөв бодлого бариад явбал орлого нэмэгдэнэ. Хөгжлийн түвшин ч сайжирна.

-Харин манай улсын хувьд төр, засгийн тогтвортой байдал хамгийн их алдагдаад байгаа юм биш үү?

-Өнгөрсөн 1996-2000 онд хийсэн алдаа одоо давтагдаж байна. Энэ хүнд байдлаас гарахын тулд бид маш ухаалгаар ажиллахгүй бол дахиад л буруудна. Яагаад гэвэл Монгол Улсын төсөв дээр 2017 онд маш их дарамт ирнэ. Энэ нь иргэдийн амьдралд ч нөлөөлдөг. Сая би СХД-ийн арванхоёрдугаар хорооны иргэдтэй уулзах үед “Өрөндөө газраа өгөх үү" гэж асууж байна. Газар нутгаа зардаг, барьцаанд тавьдаг тийм сэтгэхүй, ёс суртахуунтай хүмүүс бид биш шүү дээ. Харин нэгдэж чаддаг, энэ хүндрэл бэрхшээлийг нэг бодлогоор давж чадах тийм оюунтай, чадалтай ард түмэн. Гол нь энэ төр засгийн бодлого л буруу яваад байна. Манай ард иргэд үүнд уурлаж бухимдаж байгаа нь зүй ёсны хэрэг.

-Эдийн засаг, бизнесийн орчин Монгол орон даяар муу байгаа асуудал. Харин СХД-ийн хувьд тулгамдаж буй өөр ямар асуудал байна?

-Дүүрэг, орон нутгийн хэмжээнд бидний мэдэж буйгаар Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд байх үөд царцаасан гэж яригдаад байгаа хөрөнгө оруулалтууд байна. Өнөөдөр манай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байдаг. Ялангуяа Баянхошуу хавийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Оройн 20.00 цагт сургууль дээр очиход хичээл нь дөнгөж тарж байна шүү дээ.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүнд байгаа нь үнэн. Гэхдээ СХД-т 124 дүгээр сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан нь нэг сайн мэдээ шүү.

-Энэ сургуулийн асуудлыг шийдүүлэх гэж их юм болсон Сайд, дарга нарыг гуйж нэг үзнэ, уурлаж нэг орно. Тэгж байж арай гэж төсвийг нь шийдүүлсэн. Ингэснээрээ тэр хавийн хүүхдүүд маань арай ая тухтай нөхцөлд суралцах боломж бүрдсэн. Бид үнэхээр сэтгэл нийлээд зүтгэвэл юм бүтээж чаддаг гэдгийг энэ мэт ажлууд харуулж байгаа байх. Би УИХ-д сөрөг хүчний бүлгийн гишүүн учраас манай тойрогт төсөв мөнгө бага тавьж, ялгаварладаг асуудал бий. Энэ бүхнийг нуух зүйлгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэж үг бий. Тиймээс тойрогтоо ногдсон хэдэн төгрөгрөө зөв зүйлд зарцуулбал ажил явж л байна. Тухайлбал дөрөв, долоо, 20, 25 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж чадлаа. Ер нь бол аливаа тушаал шийдвэрийн араас хэрэгжилтийг нь зайлшгүй хянаж байх ёстой юм.

-Хэрэгжилтийг сөрөг хүчнийхэн л хянахгүй бол, эрх баригчид дундаа ордог тал бий шүү дээ?

-Ер нь сайн хяналт тавихгүй бол ажил авсан компани, хариуцаж буй төрийн албан хаагчийн аль аль нь аргаласхийгээд өнгөрчихдөг. Үүний цаана иргэд л хохирно. Яг энэ орон зайд төрийн ажил цалгардаад байгаа юм. Тиймээс бид давхар хянах ёстой. Тэгэхгүй бол парламентын түвшинд шийдүүлээд, төсвийг нь суулгачихдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид ажилдаа хайнга ханддаг. Ажлаа мэддэг үү, үгүй юу гэмээр ханддаг тал бий шүү дээ. Бүр дараа жилийн улсын төсөвт суулгах гээд мөнгө нь хүрсэнгүй гээд сууж байдаг. Нэг ийм хэнэггүй байдал газар авчихлаа.