"Тэргүүний малчдын улсын зөвөлгөөн- 2016 амжилттай боллоо
2016.03.18

"Тэргүүний малчдын улсын зөвөлгөөн- 2016 амжилттай боллоо

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. 

“Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-д Монгол Улсын 333 сумаас 700 гаруй малчид, хөдөө аж ахуйн салбарын орон нутаг дахь удирдлагууд, албан хаагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл бүхий нийт 1000 орчим төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Кэвин Галлагхэр, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, ерөнхий консул Маркус Валдвогел нар оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсч, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Мал тооллогын дүнгээр 2015 оны эцэст мал сүргийн нийт дүн 56 сая толгойд хүрсэн нь манай улсын хэмжээнд хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт болж байна.

Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол нь мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал, санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход оршино” хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанаар “Мал аж ахуйн салбарт тохиолдож буй гамшигт үзэгдлийг бууруулах арга зам”, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зээл ба нийгмийн дундаж давхаргыг тэлэх нь”, “Малчдын нийгмийн хамгаалал ба малчны зээл”, “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод эрүүл мэндийн асуудал нөлөөлөх нь”, “Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, доройтол түүнээс сэргийлэх арга замууд” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьсан юм.
Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөн “Бэлчээр-Ногоон алт”, “Сайн малчин”, “Мал-Үндэсний баялаг”, “Эрүүл мал-Эрдэнэ” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, малчид өөрсдөө тулгамдсан асуудлаа идэвхитэй ярьж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.“Бэлчээр-Ногоон алт” салбар хуралдааны үеэр бэлчээрийг хэрхэн эзэнтэй болгох, эзэн нь байхын тулд малчид юу хийж чадах вэ, малчдын өмнө тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар ярилцсан бол “Сайн малчин” хуралдаанд оролцогчид малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, малчны хүүхдийн боловсрол зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин "Эрүүл мал-эрдэнэ", "Мал-Үндэсний баялаг" салбар хуралдаанаар малын эрүүл мэнд түүнийг сайжруулах арга зам, мал сүргийн баялаг бүтээх чадварыг тэтгэх, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр малчдын санал бодлыг сонссон юм.
Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй юм гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргалаа.