Сонгуулийн хуулийг өөрчлөх цаг нь мөн үү?
Хүн амын тоог харгалзан гишүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс нийслэлийн тойргийг 4-8 суудлаар нэмэх асуудал яригдаж байсан боловч хөдөөгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсанаар асуудал дэмжигдээгүй. Тиймээс хот хөдөөгийн гишүүдийн дунд хэрүүлийн алим болсон энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гарцыг хайж улмаар жагсаалтын 28-аас хасах саналыг зарим гишүүд гаргажээ.
Угаасаа намын жагсаалтаар гарсан гишүүдийг ард түмний төлөөлөл биш, намын дарга нарын тойрон хүрээлэгч нар гэхчилэн янз бүрийн муу нэр дагаж байгаа учраас жагсаалтын гишүүдийг багасгах санал УИХ-аас дэмжлэг авах магадлалтай байна.
УИХ-ын гишүүн А.Бакей: Хууль эрхзүйн талаасаа сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна. Тодорхой гишүүд тийм хууль санаачлаад өргөн мэдүүллээ гэхэд дэмжлэг авах нь юу л бол. Уг нь тэр гишүүд сонгуулийн хуулийг хэлэлцэх үед байсан тэр үед нь саналаа гаргаад өөрчлөх боломж байсан. Тэр боломжийг ашиглаагүй нь харамсалтай л байна.
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтгэрэл: Эрх барьж байгаа намд тааламжтай байх үүднээс сонгууль дөхсөн үед хуульд өөрчлөлт оруулдаг байж болохгүй. Хүн амын нягтаршил, улсын хэмжээний бодлого гэх үүднээс уг санаа нь зөв. Гэхдээ сонгуулийн жилд болохгүй. Олон улсын конвенцид Ардчилсан улс орон сонгуультай бол сонгуулийн жилд хууль өөрчилдөггүй байх нь жишиг болчихсон.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Алсын хараатай орны парламент сонгуулийн хуулийг нэг сонгууль алгасаж хэрэглэхээр баталдаг. Энэ бол хамгийн зөв. Манайх бол алгасах байтугай зургаан сарын дархлаагаа аваад хаячихсан. 10 хоногийн өмнө хууль өөрчлөлт оруулахаар болж байгаа нь намууд хэтэрхий өөрсдийн эрх ашигт нийцүүлж хүч түрэмгийлж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Зургаан сарын өмнөөс хуулийг өөрчилж болохгүй гэдэг нь зөв заалт. Одоо бол болгоомжилж байгаа зүйл нь хэн дуртай нь хууль өөрчлөөд байвал “Сонгууль болохоос гурван хоногийн өмнө хуулиа өөрчилнө манай намд таалагдахгүй байна”гээд өөрчлөх боломжтой болно. Хуулийг олон өөрчлөх нь зөв биш.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....