Тэргэнцэртэй суутан
Стивен Хокингийг 21 настай байхад “Лу Геригагийн өвчин” өвчин туссан гэсэн онош тавьжээ. Энэ нь төв мэдрэлийн систем доголдолд орж биеийн булчингууд ажиллагаагүй болдог аюултай өвчин юм. Эмч нар түүнийг хэдхэн сар амьдарна гэж хэлж байв. Гэхдээ өвчний тархалт удааширч Хокинг тэргэнцэртэй явдаг болов. 1985 онд тэр хүндээр өвчилж уушиг нь гэмтсэн байна. Хэд хэдэн хагалгааны дараа тэр ярих чадвараа алдав. Найзууд нь түүнд ярианы синтезатор бэлэглэж тэргэнцэрт нь суулгаж өгөв. Хокингийн зөвхөн баруун гарын долоовор хуруу л хөдөлгөөнтэй үлдэв. Удалгүй хуруу нь ч хөдлөхөө больж, зөвхөн хацрын булчингууд хөдөлгөөнөө хадгалж үлджээ. Эдүгээ Хокинг хацрын булчингийн тусламжтай компьютер удирдаж хүмүүстэй харилцдаг.
Тэр одоо 73 настай, амьдралын идэвхтэй хэв маягтай. Хокинг Кэмбрижийн Их сургуулийн дэргэдэх Сансар судлалын төвийн захирал, орчин үеийн хамгийн нэр хүндтэй физикчийн нэг, “Их тэсрэлт”, “Хар нүхний” судлаач, “Цаг хугацааны товч түүх” номын зохиогч.
Түүний хэлсэн (бичсэн) ишлэлүүдээс хүргэе
Сургуульд сурсан тухай
“Би сургуульдаа, тэр байтугай ангидаа хүртэл онц сурлагатан байгаагүй. Манай ангид онц сурдаг хүүхдүүд олон байсан. Багш нар миний бичгийн хэвийг хараад толгой сэгсэрдэг байлаа. Гэвч ангийнхан маань надад “Эйнштейн” гэсэн хоч өгсөн. Учир нь надад нууцлаг авьяас байгаа гэж бодсон бололтой. Намайг 12 настай байхад миний нэг найз өөр нэг хүүхэдтэй намайг хэзээ ч мундаг хүн болохгүй гэж шуудай чихрээр мөрийцсөн. Гэхдээ хэн нь чухам ялсныг би одоо болтол мэдээгүй”
Харь гаригийнхантай уулзах тухай
“Хэрэв харь гаригийнхан дэлхийд ирвэл үр дагавар нь Колумб Америкийг нээснээс ч дор байх болно. Энэ тивийн уугуул оршин суугчдыг яаж устгасныг санаж байгаа биз дээ?”
Хөгжлийн бэрхшээлтэй байх тухай
“Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй бол энэ таны буруу биш. Гэхдээ амьдралыг буруутгаж, бусдаар өрөвдүүлэх гэсний хэрэггүй. Амьдралыг өөдрөг өнцөгөөс харж, сайн сайхан бүхэнд төвлөр. Тэгвэл чи өөрийгөө олно. Хүн биеийн хувьд хязгаарлагдмал байлаа гээд сэтгэл зүйн хувьд хязгаарлагдмал байх нь утгагүй. Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээл нь асуудал болохооргүй ажлыг сонгож хийх хэрэгтэй болов уу. Мэдээж параолимпод хүчээ үзэж болно.
Шинжлэх ухаан бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн тохирсон ажил. Гэхдээ шинжлэх ухааны туршилт хийхэд биеийн оролцоо шаардагдах учир онолын шинжлэх ухааныг сонгох нь зүйтэй. Миний хувьд онолын физикийг судлахад хөгжлийн бэрхшээлтэй байдал огтхон ч саад болоогүй. Мэдээж миний эхнэр, хүүхдүүд, оюутнууд, хамт олны дэмжлэг бий. Гэхдээ бусдыг өөртөө туслуулахын тулд тэднийг өөрийн хичээл зүтгэлээр зоригжуулж, урам өгөх хэрэгтэй”.
Цаг хугацаагаар аялах тухай
“Би ууган хүүгээ төрсөн 1967 оны тэр өдөрт эргэж очмоор байна. Миний гурван хүүхэд бол миний аз жаргалын эх булаг”.
Хувь тавилангийн тухай
“Би амьдралдаа нэг зүйлийг анзаарсан. Тэр юу вэ гэвэл хувь заяатайгаа эвлэрч, амьдрал зурсан зургаар өрнөдөг гэж итгэдэг хүмүүс хүртэл зам хөндлөн гарахын өмнө бодлоо өөрчилдөг”.
Алдааны тухай
“Хэрэв хэн нэгэн таныг алдаа хийсэн гэж хэлвэл харин ч сайн хэрэг боллоо гэж хариулаарай. Яагаад гэвэл ямар ч алдаа хийхгүйгээр хүн оршин тогтнодоггүй”
Өөрийн IQ-гийн тухай
“Энэ талаар юу ч мэдэхгүй. Өөрийн IQ-д санаа зовдог бол арчаагүйн шинж”
Хүүхдүүддээ өгсөн захиасын тухай
“Нэгдүгээрт, хөл рүүгээ харахын оронд од руу харж яваарай. Хоёрдугаарт, эхэлсэн ажлаа заавал дуусга. Ажил гэдэг хэзээд амьдралд зорилго, утга учрыг өгч байдаг. Ажилгүй амьдрал бол хоосон. Гуравдугаарт хэрэв таньд аз таарч хайртайгаа учирвал хэзээ ч битгий бутархай мөнгө шиг үр”