Чулууны хэл мэддэг эрхэм
Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяр
2016.03.03

Чулууны хэл мэддэг эрхэм

Нэгэнтэй Монголд юу юугүй атомын цахилгаан станц байгуулж, цацраг идэвхт бодис оруулж ирэх гэж байгаа юм шиг шуугицгааж байв. Тэр үед хамгийн түрүүнд олны анхаарлын төвд орж, шүүмжлэлийн гол бай болсон хүн бол Н.Тэгшбаяр. Зарим нэг нь Монголд анхны хаммер жийп оруулж ирж байснаар нь санаж магадгүй. Цөмийн энергийн газрын дарга хийж явсан тэрбээр өнөөдөр Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байгаа юм.

07:00

Түүнтэй тохиролцсоны дагуу өглөөний 07:00 цагт III сургуулийн автобусны буудал дээр уулзаж, ажил руу нь явлаа. Машинд явах хугацаанд өөрийнх нь талаар тэрүүхэндээ шалгааж орхив. Тэр нь ч оножээ. Хэрвээ шууд ажил дээр нь очиж уулзсан бол түүнд энэ талаар ярих зав олдохгүй байсныг бэсрэгхэн яриан дундаас анзаарсан юм.

Геологийн төв лаборатори хүрэх замд бидний дунд өрнөсөн яриа эцэстээ түүний бага насны дурсамжтай холбогдов. Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа хэмээн өгүүлсэн нь бий. Яг л ийм цаг үед Н.Тэгшбаяр захирлын хүүхэд нас Увс аймгийн Өмнөговь суманд эхэлжээ. Эрэгтэй хүүхдийг болж өгвөл хөдөө мал дээр гаргачихдаг байсан үе. Ямар сайндаа Н.Тэгшээ захирал Өмнөговь сумын сургуульд сурч байхдаа шалгалтаа вгчихөөд буцаад л хөдөөг зорьж “Хоньчин Найдан”-гийн ажлаа хийдэг байсан гэх.

Тэгэхэд сумын төв рүү цаг хэртэй алхаад ордог тулдаа сургуулиасаа бүр гарчихалгүй тавдугаар анги хүртлээ явснаа хэлнэ лээ. Тэрбээр “Хонио хариулахдаа тооны ном өвөртлөөд бодоод явдаг байсан. Нэг өдөр хонь хариулж явтал сумаас аймгийн төв рүү явж байсан Н.Нямжав гэдэг жолоочийн машин замдаа эвдэрсэн юм. Түүнийг засалцах аятай оролдож, тэр зуур тоо боддог энэ тэрийг ярилцаж байгаад хонь малаа хүнд захиж орхиод шууд тэр машинд суугаад аймаг руу тооны олимпиадад оролцохоор явсан. Тэгээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Нөгөө машиндаа буцаж яваад замд гэртээ буусан. Нэг өдөр сумын төвөөс ангийн багш тухайн үед “Бээжин жийп” гэдэг машинаар хөдөө гэрээс ирж аваад аравдугаар ангиа төгстөл сумын төв дээр жижиг гэрт амьдарсан юм.

Тэгэхдээ хөдөөнөөс ирсэн сар идэх хоол хүнсийг ангийнхныгаа авчраад гурав хоногтоо идчихнэ. Хоолоо дуусгачихсан болохоор ямар нэг арга эрэлхийлнэ. Ингээд хамар хашааны айлд голоос мөс зөөж, өглөө эрт үхрийн баас шавж, хүүхдэд нь бодлого бодож өгөөд бор ходоодоо болгочихдог байлаа” хэмээн ярих түүний нүд угийн сэргэлэнг илтгэх мэт. Мөн өөртэй нь хамт сурч чадаагүй, сургуулиас завсардсан хүүхдүүдийн олонх нь эрэгтэй хүүхэд байсанд одоог хүртэл харамсдаг гэнэ лээ. Учир нь улс орон, айл гэрийг эр хүн л авч явдаг, хөгжүүлдэг тул эрэгтэй хүүхдийг хичээлээс нь завсардуулсан нь тэр нийгмийн алдаа гэж бодож явдаг ажээ.

Харин эдгээр дурсамжаас сэтгэлд хамгийн тод үлдсэнээ сургууль төгссөнөө, машин нь эвдэрсэн хүнтэй хамт засалцсан хэмээн ярьсан юм. Тэрбээр “Машин нь эвдэрч, би таараагүй бол, аймгийн төв рүү олимпиадад оролцохоор яваагүй бол, багш ирж аваагүй бол өнөөдөр энд байхгүй ч байх байсан юм билүү” гэв.

Арван жилээ төгсөөд конкурст орох үеэрээ тэрбээр бас нэгэн тус хүргэсэн нь хүссэн ангиа сонгож ороход томоохон дэмжлэг болжээ. Тодруулбал, конкурсын үеэр ангийнхаа найзын дурласан охинд захиа дамжуулж тус хүргээд тэр охиноор нь орос хэлний 100 үг, хэдэн тийн ялгал заалгасан нь шалгалтад нь яг иржээ. Ингээд тооны онооноос гадна орос хэлнии шалгалтын оноогоо авч тухайн үед Увс аймагт МУИС-ийн физикийн ангийн хоёр хувиар ирсний нэгийг нь авч байжээ. Тэр үед МУИС-ийн физикийн анги авна гэдэг одоогоор Харвардын их сургуульд орсонтой агаар нэг байжээ.

Гэхдээ зүгээр ч нэг оролгүй шинжлэх ухааны доктор Х.Цоохүү багшийн шавь болжээ. Түүний хувьд арван жилдээ Х.Цоохүү багшийн Монголын радиогоор бодуулдаг байсан бодлогыг сонсож боддог байсан гэнэ. Үүнээс хойш одоог хүртэл Х.Цоохүү гуайтай 25 жилийн турш багш шавийн барилдлагатай явж буйгаа хэлсэн юм. Их сургуульд байхдаа нэг бодлогыг 270 төгрөгөөр боддог байсан байна. Энэ мэтчилэнгээр хонины бэлчээрээс хотын сургуульд орох хүртэлх сонирхолтой яриа өрнүүлж явахад тэрбээр “Манайд эхнэрээс бусад гишүүд илүүдэл жинтэй болсон тул гэр бүлээрээ жин хасах аянд мордсон. Би өдөр бүр ус уугаад, химийн хольцгүй монгол хоолоо хэрэглэж байгаа. 10 кг хассан шүү” хэмээн хошигнож, явсан газар бүртээ савтай ус авч явдгаа цайруулав.

ГАЙХАМШИГТАЙ САЙХАН ӨГЛӨӨНИЙ МЭНД

Тэгшээ захирал өглөө бүр 07:30 цагаас өмнө ажилдаа ирсээр даджээ. Ойрдоо усны тухай судалгааны ажлаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа тул ажлын цагаас өмнө багш нартайгаа уулзаж зөвлөгөө авахаас эхлээд амжуулах ажил түүнд их. Мөн тухайн өдрийн ажлын төлөвлөгөөгөө дахин нягтлах тул өглөө бүр ийн эрт очиж хувийн, хувьсгалын ажлаа давхар амжуулдаг нь энэ. Хувьсгалын ажил албан ёсоор 09:00 цагт эхэлнэ. Судалгааны ажлынх нь талаар сонирхвол усны бүтэц бичил элементүүдийг судалж байгаа аж.

07:45

Геологийн төв лабораторийн үүдээр оронгуутаа тэрбээр ажилчидтайгаа “Гайхамшигтай сайхан өглөөний мэнд” хэмээн мэндчилж, “Алив бэлэн үү. Хурдлаарай өглөөний кофегоо уугаад хуралдаа орцгооё хурдан, түргэн, шуурхай” гэсээр гүйх шахам алхаж өрөө рүүгээ оров. Түүнийг дагаад ажилчид нь ч мөн адил гүйхийн наагуур хөдөлж байлаа. Бүтэн өдрийн турш ажиглахад энэ байгууллага дотор тайван, удаан алхаатай хүн харагдсангүй. Бүгд л аль нэг тийш яаран алхах ажээ. Тодорхой шалтгааны улмаас байгууллагын ажил 08:00 цагт эхэллээ. Учир нь энэ өглөө техникийн өргөтгөсөн хуралтай байж.

Тодруулбал, монгол хүний үсэн дэх эрдэс бодисын хэмжээг тогтоож, сгандартчилсан загварыг гаргах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэх аж. Тийм ч учраас тэр бүр гаднын хүн оролцуулаад байдагтүй тех- никийн хуралд МУИС-ийн багш, Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийг урьжээ. “Монгол хүний үсний стандартчилсан загвар үилдвэрлэх боломжит байдлын судалгаа” сэдэвт илтгэл сонслоо. Илтгэлд хүний үсэнд агуулагдах эрдэс бодис, хүнд металл зэргийг танилцуулж, олон улсад ямар зориулалтаар ашигладаг, дээжийг хэр үнэтэй худалдаалдаг зэрэг олон талын мэдээлэл өглөө. Үүнээс гадна МУИС-тай хамтарч байгаа тул судалгааны үед эрдэмтэн, профессоруудаас зөвлөгөө авч, зарим тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжтой тул асуудал гарахгүй байх хэмээн үзэж байгаа юм.

Монгол хүний үсний стандартчиллыг тогтоохын тулд түүхий эдээ ямар байдлаар хэрхэн цуглуулах, бүр аль аймгийн хэчнээн хүнээс, толгойных нь яг аль хэсгээс хэр хэмжээтэй үс авах зэргээр нарийвчилж ярив. Илтгэлийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр лабораторийн болон гаднаас оролцогчид тодруулга, санал хүсэлтээ хэллээ. Тэд бэлтгэл ажлын явцад ямар уг гаралтай хүний толгойн үснээс авах, авснаа хэрхэн хадгалах, дээж бүтээгдэхүүн болгоод хэр удаан хугацаанд хадгалж, ашиглаж болох талаар ярилцав. Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтэн нийгмийн шаардлагаар шинжлэх ухааны хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглахын тулд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд нас хүйс, нийгмийн гарал үүслийг мэдэж түүхий эдээ авах шаардлагатай бол тус байгууллагаас туслах боломжтойгоо хэлсэн юм.

Эл ажлыг хэрэгжүүлбэл ЦЕГ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ихээхэн тустайг ч хэлэв. Тухайлбал, хэргийн газар гэмт этгээдийн үс үлдсэн бол тогтоосон стандартчиллын дагуу хэдий хэр насны, ямар хүйсийн хүн байсан гэдгээс нь эхлээд эрүүл мэндийн байдлаар нь хайж олох боломж ч бүрдэх юм. Үүний тулд нарийн төлөвлөгөө, цаг хугацаа ихээхэн шаардах нь дамжиггүй. АНУ, Япон, Бельги зэрэг цөөхөн хэдэн улс хүний үсний стандартчиллын судалгаа хийж, загвараа гаргасан байдаг гэнэ. Эдгээр улс орны хүний үсэн дэх бодисын хэмжээг тодорхойлсон стандартчиллаар ихэнх хувийг нь кальци эзэлж байжээ. Үүнээс гадна, тухайн газар нутгийн хоол хүнс, цаг уурын байдлаас хамаарч үсэн дэх эрдэс бодис, агуулагдах элементүүд өөр өөр.

Олон улсад гурван төрлийн стандартчилсан загвар худалдаалдаг байна. Тухайлбал, үсэн дэх химийн найрлагыг тогтоосон загвараас 100 миллограммыг 907 ам.доллар, хүнд металлыг стандартчилсан загвараас 3.5 граммыг нь 360 ам.доллараар худалдаалдаг аж. Ийнхүү Геологийн төв лабораторын Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар монгол хүний үсний стандартчиллыг тогтоох ажлыг эхлүүлэх шийдвэрийг дуу нэгтэйгээр бүгд хүлээн зөвшөөрлөө. Уг асуудлыг дөнгөж өнөөдөр бус 1991 оноос хойш ярьж байгаа юм байна. Ийнхүү улсын хэмжээнд ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Дараа дараагийн хийх ажлаа нарийвчилж төлөвлөх юм.

Н.Тэгшбаяр захирлын ажлын нэг өдрийг сурвалжилж явахдаа нэг шинэ ажлын эхлэлтэй таарсан нь энэ байв. Тодорхой цаг хугацааны дараа “Монгол хүний үсний стандартчилсан загвар гарлаа. Шинжлэх ухаанд ашиглах дээжийг гадагшаа худалдаалж эхэллээ” хэмээх шинэ мэдээллийг хүргэх байх гэдэгтээ итгэлтэй байна.

10:15

Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлын дараа лабораторын  мэргэжилтнүүдийн ярилцлага үргэлжилсээр сүүлдээ настай хүний буурал үс, будагтай, будаггүй, химитэй химигүй үсний яриагаар чөлөөт ярилцлага болж өндөрлөсөн гэнэ. Геологийн төв лабораторийн захирлын өрөө гурван давхарт байрладаг. Түүхэн дурсгалт үйл явдлын болон үе үеийн удирдлагуудын зургийг байрлуулсан хонгилоор явсаар түүний өрөөнд хүрнэ. Түүнийг өрөөндөө оронгуут дараагийн ажил ундарч эхэлнэ. Тэр нь ажлын ширээн дээрх гарын үсэг зурах баримт бичгүүд.

Үүдэнд ажлын шугамаар уулзах хүмүүс ч хэдийнэ ирчихсэн өөрийн ээлжээ хүлээх. Түүний өрөөвд ороход уран сийлбэртэй таван сайхныг өрсөн өндөр ширээтэй модоор хийсэн шатрын хөлөг нүдэвд шууд туслаа. Шатрын хүүг арслангийн дүрээр сийлжээ. Хүү нь гэхэд атганд багтахааргүй том хэмжээтэй. Хэн урласныг нь сонирхвол Оюун ухааны музейг үндэслэгч, оньсон тоглоомоор олонд төдийгүй дэлхийд танигдсан З.Түмэн-Өлзий гуай бүтээж, Тэгшээ захиралд бэлэглэжээ.

Хөлөгт тоглоомоор цайны цагаараа ганц нүүчихээд байдаг гэнэ. Цаашдаа идэвхтэй хичээллэх сонирхолтой байгаагаа ч хэлж байсан. Үүнээс гадна түүний ажлын ширээн дээр Геологийн төв лабораторийн гурван удирдлагын гар дамжсан өрөөний эзэн нэртэй цагаан шүрэн хөөрөг байх аж. Геологийн төв лабораторид ажилладаг хүний хувьд, физикч хүний хувьд чулуу сонирхох нь мэдээж хэрэг. Сар шинээр шүншиглэсэн толгойтой халтар манан хөөргөөр гоёсон гэнэ. Шинэ үеийн гэхээс илүү үе дамжсан хөөрөг цөөнгүй байгаа аж.

“Манайхны уламжлалаар бол ээлтэй чулуу гэж ярьдаг. Харин би ямар нэг чулууг бүтэц талаас нь шинждэг. Нэг талаас мэргэжлийн онцлог байх л даа. Дотор нь ямар эрдэс бодис байгааг нь сонирхож барьдаг юм. Олборлоход ховор, үнэ цэнэтэй зүйл барьж, хадгалж, дараагийн үедээ дамжуулах нь нэг талаас үр хүүхдэдээ үлдээх үл хөдлөх хөрөнгө гэж боддог” гэв. Ажлын ширээнийх нь баруун урд буланд олон жилийг өнгөрөөсөн гэсэн шиг хуучирсан хуудасны өнгө нь шаргалтаж харагдах улаан хавтастаи номыг сонирхвол “Геологийн төв лабораторийн сэтгэгдлийн дэвтэр УБ 1981 он” гэсэн бичигтэй орос хэлний толь шиг том улаан дэвтэр байв. Эл сэтгэгдлийн дэвтэр, эзнээ угтаж бас үдэж өгдөг өрөөний эзэн цагаан шүрэн хөөрөг хоёр хэчнээн он жилийг энэ өрөөнд өнгөрөөх бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв.

Гарын үсэг зурах, байгууллага доторх шийдвэрлэх асуудлууд үргэлжилсээр. Надтай ярилцах цаг зав тун бага юм. Өнөөдрийн байдлаар тус байгууллага 80 гаруй стандартчилсан загвар үйлдвэрлэж гаргаад байгаа аж. Тодруулбал, 80 ширхэг 80 өөр төрлийн эрдсийн стандартчилсан загвар гаргаж олон улсын гэрээт борлуулагчдаараа дамжуулан худалдаалдаг байна. Энэ нь боловсрол, инноваци, технологи шингэсэн экспорт гэдгийг тэрбээр онцлов. Сонирхуулахад, 100 грамм эрдсийн загварыг 100- 300 ам.доллараар борлуулдаг гэсэн. Стандартчилсан загвар гэдэг нь бусад орны лабораторид эрдэс чулуулгийг харьцуулж, шинжлэх материалыг нь хэлж байгаа аж.

Үүнийг хийдэг лаборатори олон улсад тэр бүр байдаггүй гэнэ. Удахгүй Геологийн төв лабораторийн дэргэдэх өнгөт чулуулгийн музей, өөрийн гэсэн ордтой болохоос гадна геомикробиологийн лабораторитой болохоор зорьж байгаа юм байна.

13:00

Баримт бичиг, уулзалт үргэлжилсээр өдрийн хоолны цагтай золголоо. Бид амсхийх зуураа түүний гэр бүлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа. Н.Тэгшбаяр захирлын гэрийнхнийг нутгийнхан нь “Фронт Бадам”-ынхан хэмээн ярьдаг гэсэн. Тэрбээр “Хишигтийн Дүүдэй гэж манай буурал аав 23 мянган мал тоолуулж байсан нь тухайн үед хамгийн олон малд ордог байв. Мал тооллогынх нь баримт одоо ч бий. Тэднийх Баян-Очир, Мягмар гэдэг хоёр хүүтэй. Баян-Очир нь манай хөгшин аав. Тухайн үед хэлмэгдэж явсан хүн. Дүүг нь Мягмар гэдэг. Түүний гэргий Бадам гэж хүн бий. Буурал аав 23 мянган малаа хоёр хүүдээ тэнцүү ху вааж өгөхөд Мягмар нь фронтод олон мал өгсөн ч өөрөө буурал аавын хамт хэлмэгдүүлэлтэд өртөж гэргий нь үлдсэн тул "Фронт Бадам” гэх болсон юм билээ.

Ийм л түүхтэй” хэмээн ярих түүний дуу гэр бүл, аав ээжийгээ ярих тусам дуу нь нэгэн хэвийн намдах аж. Харин ажил гэхээр дуу нь чангарч тэр юу болов, энэ яав гэх зэргээр эргээд хурдан, түргэн байдалдаа орно. Харин түүний аав Норов насаараа жолооч хийсэн ч өөрөө орос хэл сурч Зөвлөлтөд сурсан хүмүүстэй цуг шалгалт өгч тэнцээд Оросын геологийн мэргэжлийн хэлмэрч хийж байжээ. “Аав ээж маань хүнд тус хүргэвэл хүний амьдралд гэрэл, гэгээ ирнэ гэдэг байсан. Тийм учраас өнөөдөр өдий хэртэй явж байгаа гэж боддог. Аавыг ажилладаг байхад нь дагаад явдаг байсан. Гэтэл өнөөдөр 170 ажилтантай энэ том айлыг удирдаад явж буй нь цаанаасаа зурсан зураг юм уу л гэж боддог.

Би ах дүү арвуулаа. Миний гэргий ч ах дүү арвуулаа. Тиймээс хүний амьдралд юу ч тохиолдож болох тул эдийн засаг хямарч байна гээд халах, цомхотгохоос илүү болгож бүтээхийн тулд нэг хүний цаана нэг гэр бүл бий хэмээн бодож ажилладаг гэв. Түүний ээжийг нутгийнхан нь Б.Дариймаа гэхээс илүүтэй Өндөр ээж гэдэг байж. Эмнэлэг, сургуульд тогооч хийж байсан ээж нь эмнэлгийн мах дуусахад хоол нь тасрах гээд байна хэмээн гэртээ байсан махыг аваачиж хоол хийж өгдөг байжээ.

14:00

Цайны цаг дууссан учир бид Н.Тэгшбаяр захирлын хамт эрдэс чулуулгийн загвар үйлдвэрлэх лабораториор орлоо. Энд цөмийн технологид суурилсан орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь элемент тус бүрийг нэг нэгээр нь тодрхойлдог байсан бол 2012 оноос хойш дээрх төхөөрөмжийг ашиглан 44, 78 элементийг зэрэг тодорхойлдог болсон гэнэ. Спектрийн шинжилгээний зөвлөх аргачлалын инженер Ө.Доржханд “Автомат төхөөрөмжид бэлдсэн чулуулгийг хийхэд 30 секундийн хугацаанд бүх элементийн мэдээлэл компьютерт буудаг.

Түүнийг инженер харж, тайлбар хийж, шаардлагатай мэдээллийг өгдөг” гэв. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж 100 дахин өсөж, цагийг 100 дахин хэмнэж байгаа гэнэ. Чулуулгийн дээжийг нунтаглаж шилэн болгох төхөөрөмж, нунтагласныг хайлуулах төхөөрөмж зэрэг төрөл бүрийн автомат төхөөрөмж байх аж. Үүнээс гадна анагаах ухаанд ашигладаг рентген туяаг чулуулгийн элемент эрдэс бодисыг тогтооход ч ашигладаг байна. Манай улсын Геологийн төв лаборатори Ази номхон далайн бүсийн хэмжилзүйн хөтөлбөрт гишүүнээр элсэхээр нэг бус удаа санал өгч байжээ. Удаа дараагийн оролдлого биеллээ олж энэ жил гишүүн болсон байна. Ингэснээр тоног төхөөрөмж, боловсон хүчний нөөцөө сайжруулахад ихээхэн ач холбогдолтойг Н.Тэгшбаяр захирал дурдаж байв.

14:25

Хоёрдугаар сарын 26-ны өдрийг сонгож ажлын өдрийн сурвалжлага хийсэн нь сэтгүүлч миний хувьд олон сонирхолтой болон шинэ мэдээллүүдтэй давхцжээ. Өглөө нь шинэ стандартчиллын загварыг бий болгох ажлын гарааг эхлүүлэхээс үргэлжлээд Цайрын баяжмалын стандарт баталлаа. Мөн үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажиллах гэрээнд саналын дагуу өөрчлөлт оруулж гарын үсэг зурах үйл ажиллагаа болсон юм.

Ажлаа амжуулаад 15:00 цагт Стандартчилал хэмжилзүйн газар руу явах боллоо. Тус байгууллагын үндэсний зөвлөлийн гишүүн тул тэнд 16:00 цагаас хуралд сууж, саналаа хэлэх ёстой. Ингэхдээ замын түгжрэлээс сэргийлж Сонсголон, Яармаг, Богд-Уулын замаар явсан юм. Тэрбээр замдаа “Дарга нарыг давхиад л явдаг гэдэг. Албаар давхидаггүй. Ажил нь их болохоор жаахан хурдтай явж байгаа биз. Одоо өөрөө харав уу” хэмээн хошигнолоо.

16:00

Стандартчилал хэмжилзүйн үндэсний газарт болсон хурлаар гэрчилгээгээ сунгуулах, гаднаас оруулж ирэх эрх авах зэргээр олон шинэ тоног төхөөрөмжийг ажлын албаны хэсгүүд тухайн компанитай хамтран танилцуулж байв. Тухайлбал, ус цахилгааны тоолуур л гэхэд ухаалаг, хүйтэнд тэсвэртэй, хүйтэн халуун усны хэрэглээг хэмжих зэрэг нэг бүтээгдэхүүнийг хэдэн төрөл хэлбэрээр, өөр өөр улсаас оруулж ирэх гэрчилгээ авах, туршилтын хугацаагаа сунгах зэрэг саналууд ирж байв.

Зөвлөлийн хурлаар заримыг нь буцааж дахин туршилт хийхийг санал болгож, манай уур амьсгалд тохирох үгүйг шалгааж, заримд нь гэрчилгээ олголоо. Н.Тэгшбаяр захирал танилцуулж буй бүтээгдэхүүнд физик гаргалаа талаас нь амьдралд хэрхэн бодитой тусах талаар асуулт асууж байв. Энэ мэтээр зөвлөлийн хурал 19:00 цаг хүртэл үргэлжлэв. Зөвлөлийн хурал тарахад түүний нэг өдрийн ажил өндөрлөх юм.

Харин дараа нь хувийн ч, хувьсгалын ч ажлаар хүмүүстэй уулзаж, ярилцахаар болсон байв. Геологийн төв лабораторийн дарга Норовын Тэгшбаяр хэмээх хүний ажлын өдөр ийнхүү эрдэс чулуулаг, стандарт, бичиг цаас, уулзалт, зөвлөгөөнөөр үргэлжилсээр нүд ирмэхийн зуур өнгөрчихлөө. Өглөөнөөс орой хүртэл стандартчиллын тухай хурлаар эхэлж, стандартаар төгссөн нэг өдөр боллоо. Маргааш дахиад үргэлжилнэ.