Доктор Түшээ
УИХ-ын гишүүн А.Бакей
2016.02.23

Доктор Түшээ

УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Гурван жил гаруйн хугацаанд улстөрчид дүр төрхөө бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан төрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжих” болно.

Алга дарам газрыг ч мөнгө болгож харсан сувдаг сэтгэлтнүүд төв, суурин газрын олон ч сургууль, цэцэрлэгийг газаргүй болгож, хүүхэд багачуудын тоглох талбайгаас хумсалсан даа. Өнөөдөр ч энэ байдалд цэг хатгаж чадаагүй л байна. 2004-2008 оны УИХ Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулж, боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлснөөр эзэмшил газар луу улайм цайм дайрдаг байсан балмад явдалд багагүй хориг, хязгаар тавьж чадсан юм. Энэ санааг А.Бакей гишүүн тус хуульд шигтгэснийг өрөөлөөс ч, өөрөөс нь ч сонсож байлаа.

Түүнийг “үндэсний цөөнх казах иргэдийн төлөөлөл” гэдгээр л тодорхойлбол хэт өрөөсгөл болох биз ээ. Учир нь боловсролын байгууллагад 25 жил хүчин зүтгесэн эл эрхэм салбартаа элэгтэй байж, санаа тавьж иржээ. Ингэхдээ 2004 оноос хойш Баян-Өлгий аймаг дахь сургууль, цэцэрлэг, дотуур байрны хөрөнгө оруулалтад юун түрүүнд анхаарал хандуулж, цөөнгүйг бий болгож, олон хүүхдэд сурч, боловсрох таатай нөхцөл бүрдүүлж иржээ. Саяхан баталсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт өөр хэл бүхий үндэсний цөөнх нь өөрийн хэл дээр сурч боловсрох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тунхаг төдий, бүдэг тусгасан байсныг казах иргэд суурь боловсролыг эх хэл дээрээ эзэмшиж, дараагийн шатны боловсролыг хос хэлээр судлах боломжтой гэсэн агуулгаар баяжуулж, тун тодорхой хуульчлахад А.Бакей гишүүн идэвх, санаачилгатай ажилласан.

Цаашид төв, суурин газар амьдарч буй казах иргэд эх хэлээ сонгож суралцах боломж бий болгоход анхаарч буй юм билээ. Энэ бүхнийг алс баруун хязгаарт буй сонгогч түмнээ эргэж тойрч, санал бодлыг нь сонсох үеэр илүүтэй мэдэрч, мартах учиргүйгээ ухаардаг юм гэсэн.  Түүнийг тавдугаар ангид байхад эцэг, эх нь хаврын их ажилд туслуулахаар сургуулиас нь хэнэггүйхэн аваад явчихсан гэсэн. Тавдугаар ангийн хичээлийнхээ талд суулгүй, цаашлаад зургадугаар ангийнхаа эхний улирлыг хийдүүлж, хөдөө хонь хариулаад явж байхдаа багийн даргадаа баригдаж, сургууль, боловсролын замд эргэж буцалтгүй орсон тухайгаа тэрбээр дурссан нь бий.

Магадгүй тэр малчин болоод хоцорсон бол Монголд шинжлэх ухааны доктор нэгээр дутах байсан биз. 23 жилийн өмнө эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан тэрбээр оны өмнөхөн зэргээ ахиулж, “Монголын бэлчээрийн аж ахуйн тогтвортой хөгжлийн онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр шинжлэх ухааны доктор болоод буй юм. Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй тэрбээр салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад санаачилгатай ажиллаж иржээ. Энэ удаагийн парламентын баталоан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулиар төрийн хамгаалалтад байна гээд тунхаглачихсан мал сүргийг зах зээлийн зарчимд нийцүүлэн эрсдэлээс хамгаалах эрх зүйн боломж бий болгоод байна.

Түүнчлэн Хүнс болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг батлах ажпын хэсэгт ажиллажээ. Тэрбээр 2004-2008 оны парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм билээ. Ингэхдээ байгаль орчин хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг гэсэн үзэл баримтлалыг шинэчилж, энэ чиглэлд олон нийтийн хариуцлагыг дээшлүүлэх үндсийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. 1990-ээд оны үед ХААИС-д багшилж байхдаа бусад багшийн хамт малыг хэрхэн хувьчлах талаар санал боловсруулж байсан юм билээ. Үүнийг нь төрөөс үнэлж, гавьяат эдийн засагч цолоор оны өмнөхөн шагнасан болов уу.

Тэр хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй ч үе үеийн парламентад хамгийн их улстөржиж, үл ойлголцох гээд байдаг засаглал, тогтолцоо, төрийн байгууллага, тэдгээрийн хоорондын харилцааны түвэгтэй асуудлууд овоордог Төрийн байгуулалтын байнгын хороог энэ УИХ-д сонгогдсоноосоо хойш удирдаж буй. УИХ-ын бүтцийн байгууллага болох Байнгын хороодын удирддагад жилдээ нэг салхи оруулдаг ч энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй Байнгын хороо удирдах эрх олгосоор ирсэн нь түүний ажлыг үнэлэх нэгээхэн үзүүлэлт байж болох.