Хөдөлмөрийн салбарт хоёр томоохон үйл явдал боллоо
Хөдөлмөрийн салбарт хоёр томоохон үйл явдал боллоо
2016.02.05

Хөдөлмөрийн салбарт хоёр томоохон үйл явдал боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Герман, Швейцарь, Австрали улсын засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн үр дүн болох хоёр томоохон үйл явдал өчигдөр боллоо.   

Үүний нэг нь хүүхэд залууст мэргэжлээ зөв сонгоход, ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой  “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлтийн ёслол байсан юм.  

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн ордонд  байгуулсан энэхүү төвийг тус төслийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.  Төвийг байгуулснаар хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт уулзалт болон хэлэлцүүлэг, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах боломжтой болж байгаа аж. Үүнээс гадна  ажил хайгч иргэд, хүүхэд залуучууд ирж үйлчлүүлсэнээр ажил мэргэжлийн талаарх ерөнхий ойлголттой танилцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авч, цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадвараа танин мэдэхээс гадна өөрт хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хэвлэн авч хувилан олшруулах бүрэн бололцоотой болж байгаагаараа  онцлогтой байна. Цаашдаа аймаг орон нутагт болон салбарын ажил олгогч байгууллагуудын дэргэд ийм төрлийн мэдээллийн төв байгуулж ажиллах зорилготой  байгаа бөгөөд ингэснээр ажил мэргэжлийн нэгдсэн сүлжээг улс орон даяар холбох боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд ярилаа. Түүнчлэн, залуучууд, мэргэжлээ сонгох гэж буй сурагчдад багц мэдээлэл өгөх зорилготой  “mergejil.mn” вэб сайтыг Монголд анх удаа нээж, ажиллуулж эхэлжээ.  

Тус вэб сайтаас сурагчид болон ажилгүй иргэд  өөрийн сонирхсон мэргэжлийнхээ талаархи хууль эрх зүйн орчин, суралцах хугацаа  гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг авч болох аж.   Харин хоёр дахь томоохон үйл явдлын тухайд Барилгын политехникийн коллежид мөн төслийн хүрээнд цахилгаан, механик, барилгын мужаан, сантехникийн гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжлийн багш, суралцагчдад зориулсан багц сургалтын материал, сурах бичгийг хүлээлгэн өгөх  ёслол мөн зохион байгуулагдлаа. “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд олон улсын стандарт, шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан онол, арга зүй, дадлага олгоход ач тусаа өгөх дөрвөн мэргэжлийн нийт 88 сурах бичгийг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ хүлээлгэн өгсөн юм. 

Ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ж.Лангтри нарын албаны хүмүүс, багш оюутнууд оролцлоо. Ном гардуулах ёслолыг  нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд техник, мэргэжлийн боловсрол, сургалтад шаардлагатай мэргэжлийн сурах бичгээ гардан авахаар хуран цуглаад байгаа багш сурагчдад баяр хүргэхийн ялдамд “Дэлхий нийтээр даяарчлагдан шинжлэх ухаан, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд өндөр хөгжилтэй орны сайн туршлага, үр ашигтай үйл ажиллагааг судлан нэвтрүүлэх ажил чухал” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 

Үүнээс гадна тэргүүлэх салбарын мэргэжилтэй ажилтныг ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд анхаарал хандуулан хамтран ажиллаж байгаа ХБНГУ-ын Засгийн газар, төсөл хэрэгжүүлэгч Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийллээ. Мөн төслийн олон талт үйл ажиллагааг хангахад хөрөнгө оруулалтын уялдаа холбоог хангаж байгаа Швейцарийн Хөгжлийн агентлаг, Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Австралийн Засгийн газар болон  “Оюутолгой” ХХК-д мөн талархаж буйгаа Хөдөлмөрийн сайд дурьдсан юм.  “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд бодит үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал, уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааны менежмент, чанарыг сайжруулан загвар сургуулийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хийсэн. 

Мөн цахилгаанчин, барилгын техникч, механик инженерийн техникчийн  сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулан сурах бичиг, гарын авлагыг боловсруулах, сонгосон МБСБ-ын дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхээс гадна багш, удирдлагыг мэргэшүүлэхэд чиглэн ажилласан юм. Монгол Улс “Дэлхийн ур чадвар” ОУБ-д гишүүнээр элсэн 2015 онд Бразил улсад болон Дэлхийн ур чадварын тэмцээнд есөн мэргэжлээр амжилттай оролцсон нь мөн төслийн үйл ажиллагааны үр дүн юм.  Энэхүү төсөл ХБНГУ-ын хөрөнгө оруулалтаас гадна Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны хөрөнгө оруулалттай хэрэгжиж байгаа нь төслийн үйл ажиллагааг олон чиглэлд хандуулж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт оруулах хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгийг нэгтгэн уялдаа холбоог хангаж байгааг албаныхан тодотгож байлаа.