Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцуулав.
Сонгууль зохион байгуулах ажиллагаа нь хуулиар тогтоосон тодорхой эхлэх болон дуусах хугацаатай бөгөөд тухайн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа явагддаг онцлогтой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцаанд хэрэглэхэд цаг хугацааны хувьд тохиромжгүй байдаг.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн баталсан төсвийн хэмжээнд сонгууль зохион байгуулахтай холбогдуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж сонгуулийг тогтоосон хугацаанд багтааж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгэээгээр хангах нөхцлийг бүрдүүлэхээр хуулийн төслийг санаачилжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.