Нийслэлийн МАН-аас “Малчиддаа тусалъя” хандивын аян эхлүүллээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2016.02.01

Нийслэлийн МАН-аас “Малчиддаа тусалъя” хандивын аян эхлүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй хэвлэлийнхэнд хан­дан мэдээлэл хийлээ. Юун түрүүнд тэрээр орон нутагт өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан “Малчиддаа тусалъя” нэртэй хандивын аяныг Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан энэ сарын 29-нөөс эхлүүлж байгааг онцолсон юм.

“Малчиддаа тусалъя” хандивын аянд аймгуудын Улаанбаатар хот дахь нутгийн зөв­лөл болон нийслэлийн нийт ир­гэдийг идэвхтэй оролцож, хамтран ажил­лахыг Нийслэлийн МАН-ын хорооноос уриалав. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй Онцгой байдлын комиссын гаргасан мэдээллийг дурдсан бөгөөд тус мэдээлэлд Монгол Улсын хэмжээнд 18 аймгийн нийт 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудархуу өвөлжиж байгаа гэдгийг онцолжээ.

Түүнчлэн бүх нутгаар 10-40 см цасан бүрхүүл үүссэнээс гадна цаашид энэ байдал улам хүндрэх төлөвтэй байгаа юм байна. Энэ тухай тэрээр “Засгийн газраас өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан зарим орон нутагт найман ширхэг “УАЗ-469” машин, 6565 тонн өвсийг тус­­ламж хэлбэрээр авах хөрөнгө мөнгө­ний асуудлыг шийдвэрлэх шийдвэр гаргасан. Гэвч өнгөрсөн пүрэв гаригт болсон Онцгой байдлын комис­сын хуралдаан дээр албаныхан за­рим хөрөнгө мөнгийг шийдэхгүй бай­гаагаас төлөвлөгөөнд тусгагдсан аж­лууд нь хийгдэхгүй байгаа талаар мэ­дээлсэн. Тиймээс дутагдаад бай­гаа тэр мөнгийг иргэд, тэр дундаа нийс­лэл­чүүд сайхан сэтгэлийн үүднээс бүр­дүүлж, оролцохыг уриалж байна. Түүнээс гадна цаг алдалгүй малчиддаа тусал­бал малын хорогдлоос сэргийлж, тоо толгойг хадгалж үлдэх боломжтой” гэлээ. Түүнээс гадна энэ үеэр ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын урилгаар МАН-ын удирдлагууд Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, хоёр ор­ны хамтын ажил­лагааг бэхжүүлэх асууд­лаар санал со­лилц­сон талаар мэ­дээллээ.

Гурав хо­ногийн хугацаанд үр­гэлжилсэн энэхүү айлчлалын үеэр мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Нэгдсэн Орос” намын бүсийн нарийн бичгийн дарга бөгөөд Москва хотын намын хорооны дарга О.А.Смолкинтай  уулзаж, хоёр намын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хамтын ажиллагааны протокол үйлдсэн аж. Тус протоколд Улаанбаатар хотын МАН болон Москва хотын “Нэгдсэн Орос” намын хамтын ажиллагааг тус­гайлан үндсэн хэсэг болгон оруулж өгсөн байна. Ийнхүү мэдээлэл хийс­ний дараа сүүлийн үед гараад буй албан бус мэдээллийн талаар түүнээс тодруулга авсан юм.

-Таны зурагтай хотын газартай холбоотой мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Та бас харсан байх. Энэ тал дээр тайлбар хийхгүй юү?

-Сонгууль ойр­тож байгаатай холбоо­той­гоор иймэрхүү асуудлууд явдаг. Энэ бол анх удаа ч болж бай­гаа зүйл биш. Судал­­гаагаар ма­най намын хувьд хамгийн өндөр рей­тинг­­тэй гарсан. Үүн­тэй холбоотойгоор МАН-ын удирд­лагуудад чиглэсэн сөрөг сур­тал­чилгаа явуулж байгаа. Цахим ерөнтөнцөд явуулсан тус мэдээллийн хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа ч хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Сонгуулийн хуульд ч энэ тухай заасан байгаа. Тиймээс хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. 

-Таны гар утасны дугаарыг хүртэл биччихсэн байсан. Иргэдээс мэссэж ирүүлж байна уу?

-Зохион байгуулалттай мэдээлэл байсан учраас ганц, нэг утаснаас мэссэж ирүүлж байгаа. Тэр бүгдэд нь манай намын улс төрийн ажилтнууд хариу өгч, залруулга хийж байгаа.