Төрийн үйлчилгээг иргэнд ойр байлгахыг зорьж байна
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн
2016.01.28

Төрийн үйлчилгээг иргэнд ойр байлгахыг зорьж байна

Баянгол дүүрэгт хийгдсэн, хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Таныг ИТХ-ын төлөөлөгч болох  үед дүүрэгт ямар асуудал тулгамдаж байв?  

Анх төлөөлөгч болох үед хариуцлагагүй хийсэн зүйлс их байсан. Тухайлбал, Баянгол дүүрэгт Агро парк байгуулахад зориулж, төсөл хэрэгжүүлэгчдэд жил бүр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай тус газрыг төрийн өмчид шилжүүлэхээр болоход энд цөөн тооны мод тарьснаас өөрөөр дорвитой ажил хийгээгүй байсан юм.

Дүүргийн 50 га газрыг тус паркийн зориулалтаар хувь хүнд олгосон байсан. Бид ажлаа аваад энэ мэтчилэн хууль бусаар олгосон 170 орчим газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосон. Өнгөрсөн хугацаанд дүүрэг өмнөх төрхөө олж чадсан гэж бодож байна.

Дүүргийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар шинэ санаачилга гарган ажиллаж байна?

Манай баг, хамт олон тодорхой шийдэл гарган ажиллаж байна. Баянгол дүүрэг 240 мянга орчим иргэдтэй. Эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх газар тун цөөн байсан. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 100-150 орчим хүнийг хүлээн авах хүчин чадалтай байв. Харин эрүүл мэндийн шинэ нэгдэл баригдсанаар өдөрт 500-600 хүнд үзлэг хийх боломжтой болсон. Энэ нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах нэгэн нөхцөл болж, хүртээмж сайжирсан.

Дүүргийн эмнэлгийн хуучин барилгыг сэргээн засварлаж, 150 ортой хүүхдийн шинэ эмнэлэг барьж, ашиглалтад орууллаа. Ингэснээр дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар сайжирна гэж бодож байна. Мөн эрүүл мэндийн төв бичил явуулын лабораторитой болсон нь том дэвшил.
Энд хүртэл төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно.

Гэмт хэргийн гаралтыг бууруулах үүднээс дүүргийн хэмжээнд камержуулалтын систем шийдэж өгсөн.  Гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудлыг 100 хувь шийдвэрлэсэн.  Гэр хорооллын оршин суугчдын ая тухтай байдлыг хангах зорилгоор хороолол дундах зам талбайг засварлаж байна.

Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өрнөж байна. Дүүргийн харьцангуй алслагдсан байршилд иргэд буух газаргүйгээс уулын оройд амьдардаг. Энд хүртэл төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно.

 Өнгөрсөн хугацаанд хэдэн сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн бэ?

Ойрын дөрвөн жилд 377 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөжээ.  Энэ нь Баянгол дүүрэгт өнгөрсөн 16 жилийн туршид хийх хөрөнгө оруулалттай дүйцэхүйц хөрөнгө юм.

 Анх ажлаа авахдаа төлөвлөж байсан ажлууд одоо хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байна гэсэн үг үү?

 95 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Жилд  3-4 томоохон ажил тогтмол хийж гүйцэтгэдэг. Хийсэн ажлаа эргэн дүгнэж, иргэдтэйгээ тогтмол уулздаг. Бидний хамтын бүтээн байгуулалт нь дүүргийн иргэдийг хөгжүүлэх, ая тухтай орчинд амьдруулах зорилготой.

Бүтээн байгуулалтын ажил хамгийн бодитоор үлддэг ажил. Энэ ажлуудад иргэдийн сэтгэл ханамж хэр байна вэ?

Эдгээр ажлыг иргэдийн өөрсдийнх нь санаачилга, оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн. Тиймээс иргэд сэтгэл ханамж өндөр байдаг. Мөн иргэн өөрсдөө хяналт тавьж, хариуцлага тооцох боломжтой болж байгаа юм.

Сүүлийн үед ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна?

Удахгүй биеийн тамирын комплекс, гэр бүл хөгжлийн төв, 150 ортой хүүхдийн больница, 100 ортой ахмадын сувилал энэ ондоо баригдана байгуулна. Бидний хийж бүтээсэн ажлыг иргэд ойлгож, дэмжээсэй, бүтээн бий болгосон бүхнийг хайрлаж, хамгаалаасай гэж хүсч байна. Иргэд төрийн үйлчилгээнд итгэлтэй байж, аливаа зүйлд шударгаар  хандах нь чухал юм.