Авто замын инженерүүдийн шилдэг илтгэлийн эзэд тодорлоо
Авто замын инженерүүдийн шилдэг илтгэлийн эзэд тодорлоо
2016.01.25

Авто замын инженерүүдийн шилдэг илтгэлийн эзэд тодорлоо

“Үйлсийн зам” компанийн уламжлал болгон зохион байгуулдаг Монголын авто замын салбарын инженер, техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө.

Энэхүү уралдааныг “Үйлсийн зам” компани Монгол Улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судлах хүрээнд авто замын салбарт ажилладаг инженер, техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэм болон салбарынхаа оролцох оролцоог сайжруулах, орчин үеийн техник технологийн шийдлийг өөрийн байгууллага болон салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Илтгэлийн уралдаанд ЗТЯ-ны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ЗТЯ-ны сайдын зөвлөх Н.Батсуурь, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Үйлсийн зам” компанийн ерөнхий захирал Д.Энхбаатар нар оролцсон юм. Тус уралдааныг нээж, ЗТЯ-ны АЗТБЗХГ-ын дарга Д.Доржханд “Одоогоос гурван жилийн өмнө “Үйлсийн зам” компани анх санаачлан инженер, техникийн ажилчдын шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлсэн. 

Энэ жил зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Мөн зам тээврийн яам, монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Жил ирэх тусам уралдаанд ирүүлж байгаа илтгэлүүд чанаржиж байна. Бүх оролцогчиддоо амжилт хүсье” гэв. 

Зам тээврийн сайд М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж буй уг илтгэлийн тэмцээнд 14 илтгэл хэлэлцэгдсэн. Тухайлбал, “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн”, “Авто замын барилга угсралт, үйлдвэрийн талбарт ослын судалгаа, шинжилгээ хийх, түүний ач холбогдол” зэрэг илтгэл тавигдсан юм. Энэ үеэр шүүгчид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн” зэрэг илтгэлүүд шүүгчдийн анхаарлыг татсан гэдгийг онцлоод уралдааны тэргүүн байрыг шалгаруулсан. Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Н.Бямба шалгарч, ХБНГУ-д 10 хоногийн сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан. Харин II байрын эзнээр Н.Амарзаяа тодорч, 1.5 сая төгрөгөөр шагнуулсан юм. 

Авто замын салбарын залуу ажилчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой ажилладаг “Үйлсийн зам” компани энэ жилээс эхлэн оюутны тэтгэлэг олгохоор болсон ажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа “Манай компани авто замын салбарын залуучуудыг оюунлаг байлгах, эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, судалгаа шинжилгээний ажлаар дамжуулан авто замын салбарт нөлөөлөх хүчин зүйлүүд юу байна. Түүнд яаж бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэхийн уг илтгэлийн уралдааныг компанийнхаа таван жилийн ойгоос эхлэн зохион байгуулсан.

Манай уралдаанд оролцсон илтгэл, судалгааны  ажлуудаас зам тээврийн яам бодлогынхоо арга хэмжээнд авч хэрэгжүүлдэг болсон. Ер нь бидний ирээдүй болсон залуучуудыг дэмжих зорилготой жил бүр зохион байгуулдаг. Энэ жил бид бас нэгэн шинэ ажлыг эхлүүлж байна. Манай улсад авто замын салбарын инженер бэлтгэдэг долоон их дээд сургууль байдаг. тэр сургуулийн оюутнуудыг дэмжих үүднээс оюутны тэтгэлгийг олгохоор болсон” гэв. Мөн илтгэлийн уралдааны үеэр шилдэг оюутны тэтгэлгийг олгосон. Энэ удаагийн тэтгэлгийг Техник технологийн их сургуулийн оюутан Б.Энэрэл авсан. Илтгэлийн уралдааны үеэр зарим илтгэгч, шүүгчтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе. 

Ч.Амартүвшин: Шилэн нийлэг арматурыг авто зам тавихад ашиглах боломжтой

-Манай охин компанийн нэг болох “Сибирь-Арматур” өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн шилэн нийлэг арматурыг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Бидний үйлдвэрлэсэн шилэн нийлэг арматурыг барилгын салбарт ашиглаж байгаа. Одоо харин замын салбарт тухайлсан норм, стандартчиллуудыг оруулах үүднээс илтгэлийн уралдаанд оролцсон. Шилэн нийлэг арматур төмөр бетон арматураас 6-9 дахин хөнгөн, суналт болон физик механик шинж чанаруудаараа олон давуу талтай. Тухайлбал, ашиглалтын хугацаа нь 80 жил байдаг. Тухайлсан бетонон зам, гүүр, ус зайлуулах байгууламж, агуулах далан зэрэг хиймэл байгууламжуудад хэрэглэх боломжтой. Замын салбарын үнэ өртөг өндөр байдаг. Хэмнэлтийн хувьд тухайлсан объект дээр хэрэглэх учраас нарийн хэлж болохгүй байна. 

С.Амарбуян: Оюутнууд өөрсдөө хүсэх л юм бол судалгаа хийх боломж нээлттэй болсон

/ШУТИС-ийн авто замын инженерийн багш/

-Би энэ илтгэлийн тэмцээнийг анх зохион байгуулсан жилээс нь эхэлж үзсэн. Миний хувьд салбарынхаа залуучуудыг дэмжиж үйл ажиллагаа компани тийм ч олон байдаггүй юм шиг санагддаг байсан. Сүүлийн жилүүдэд ялангуяа “Үйлсийн зам” компани олон ажлыг санаачлан хийж, салбартаа үлгэр дуурайлал болж байна. Залуу хүний хувьд оюутнуудынхаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажилладаг. Оюутнууд өөрсдөө судалгаа, шинжилгээний ажил хийхийг хүсвэл  зөвхөн хичээл дээр үзсэн онолдоо баригдалгүйгээр өөрийнхөө сонирхсон сэдвээр бусад инженерүүдтэй холбогдоод хийх боломжтой болсон байна. Би хамгийн анх 2012 онд зохион байгуулж байхад нь асбалтан хучлын эвдрэлийн судалгаа гэдэг сэдвээр оролцож байсан. Тэр үед оролцоход бусад салбарынхаа зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллах том боломж нээгдсэн. Манай сургуулиас “Үйлсийн зам” компанийн оюутны тэтгэлэгт материалаа явуулсан оюутнууд цөөнгүй бий. 

Болд: Судлаачид хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь нэг том дутагдал

/ШУТИС-ийн авто замын багш, доктор/ 

-Сүүлийн дөрвөн жил “Үйлсийн зам” компани авто замчдын холбоотой хамтран эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны илтгэлийн уралдааныг явуулдаг болсон. Энэ уралдаан маш ач холбогдолтой. Үүнд оюутан, төгсөгчид, замын салбарын мэргэжилтнүүд мөн ижил төстэй судалгаа хийдэг судлаачид оролцож байгаа нь их онцлогтой. Жил ирэх тутам энэ уралдаанд оролцогчдын илтгэлийн чанар, судалгааны ажлын чанар өндөр төвшинд хүрч байна. Энэ нь эргээд үйлдвэрлэл, улс эх орны хөгжилд маш их сайн талтай. Би сүүлийн хоёр жил уралдааны шүүгчээр ажилласан.  Энэ хугацаанд ажиглаж байхад авто замын гол материал болох битумын чанарын судалгааг сайжруулах судалгааны ажлыг өргөн хүрээнд хийсэн нь миний анхаарлыг татсан. Харамсалтай, цаашид анхаарах зүйл гэвэл манай судлаачид хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь ажиглагдсан. Энэ бол маш том дутагдал. Бид цөөхөн. Ажиллаж байгаа компани, судалж байгаа хүмүүс цөөхөн учраас хүчээ нэгтгэвэл судалгааны ажил илүү сайжирч, шаардлагатай үр дүнгээ авна. Мөн зорилгоо маш тодорхой тавьдаг болоосой гэж хүсч байна. Юуг судлах гээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Зүгээр нэг гадаадын компанийн материалыг сурталчилж хэрэглэхдээ биш. Үнэхээр манай орны замд тохирох уу, замын чанар сайжрах уу гэдэгт анхаарлаа хандуулбал үр өгөөжтэй болох болно. Энэ уралдааны зорилго замын өртөг, чанар, эдэлгээний хугацаа уртасгах аргыг л олох юм. Нэг км замын өртгийг  600 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хооронд барьж байна. Бид зөвхөн нэг км зам тавьдаггүй. Мянга мянган км зам тавьдаг учраас асар их хөрөнгө шаарддаг салбар.