Морь л ярихаас
УИХ-ын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд цор ганцаараа шахуу өрөөндөө өнжиж байгаа гэхэд болно. Тиймээс түүнийг хэвлэлийнхэн нэг хэсэгтээ амраахгүй, үүдийг нь сахиж амнаас нь ганц нэг үг унагааж, өдөр хоногийг аргацааж байна. Сүүлдээ номхон тэмээ ноолоход амархан гэгчээр эрхэм гишүүнээс морины тухай хүртэл асууж, асуудлыг нь хөөрхөн улстөржүүлээд амжсан. Уг нь УИХ-ын гишүүн Су.Батболдын аав Сундуй гуай улсын алдарт уяач.
Тиймээс ч аавынхаа эрдмийг өвлөж морь уях тал дээр бусдыгаа бодвол овоо дорвитойхон үг хэлчихдэг. Харин чуулган завсарласнаас хойш түүний улстөрийн сэдэв нь дууссан бололтой, яриагаа яаж ийгээд морины сэдэв рүү хальтруулчихдаг гэм биш зантай болжээ. Ойрын үед тэрээр улстөртэй холбоотой ганц нэг зүйл ярьчихаад л одоо морь ярья аа гэж хэнэгүйхэн хэлээд суучихдаг болсон гэнэ. Ёстой л нөгөө мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгчийн үлгэр л тэр байх даа.