Үнэндээ “Хүний хөгжил сан” ямар ч орлогогүй байгаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2016.01.18

Үнэндээ “Хүний хөгжил сан” ямар ч орлогогүй байгаа

“Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулахыг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.

-Та хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг дэмжиж байгаа юу. Ингэж олгохын тулд зайлшгүй төсөвт тодотгол хийх шаадрдлагатайг цөөнгүй гишүүн хэлсэн. Гэтэл АН-ын зүгээс УИХ-аас гаргасан тогтоолд өөрчлөлт оруулахад асуудлыг шийднэ гэх тайлбарыг өгч байгаа?

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг анхнаасаа дэмжиж байсан. Анх эдийн засгийн нөхцөл байдал болоод өрхийн судалгааны дүндээ үндэслэн зорилтот бүлэгт өгөхөөр өмнөх төсвийн төсөлд тусгаж баталсан. Тиймээс өнөөдөр энэ хуульд байхгүй байгаа асуудлыг нэмэлтээр оруулж ирэхийн тулд заавал хуульдаа өөрчлөлт оруулж байж үүнийг шийдэх ёстой. Ямар ч хуулийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хуульд өөрчлөлт оруулж байж хэрэгжүүлэх нь өөрөө хууль дээдлэх зарчимд нийцнэ. Тиймээс эхлээд төсвийн тодотголоо хийгээд дараа нь хүүхдийн мөнгөө нэмэх асуудлыг ярих ёстой.

-Эдийн засгийн хүндрэлээс болоод хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөхөөр шийдсэн. Харин одоо манай эдийн засаг бүх хүүхдэд энэ мөнгийг өгөх чадавхитай байж чадаж байна уу?

 -Юуны өмнө оруулж ирсэн асуудлын дараалал алдагдсан учраас маргаан үүсэхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Би одоогийн Засгийн газарт хэсэг хугацаанд ажилласан. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орлоо гэдэг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал тавьж байгаад төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуудал оруулж хэлэлцүүлсэн. Энэ үеэр манай эдийн засаг цаашаа явахаа больж байна гэдэг асуудлыг ярилцсан. Засгийн газрын гишүүд болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сайн мэдэж байгаа. Өнөөдөр манай эдийн засагт есөн их наяд төгрөг эргэлдэж байна.

Үүний 3.6 их наядыг Засгийн газар дотоодын бонд болгооод авчихсан байсан. Хэрэв тийм их бололцоотой орлого байсан юм бол түүнийгээ тодорхойлоод асуудлыг дэс дарааллын дагуу явуулах ёстой гэдэг шаардлагыг л тавьсан. Гэтэл тогтоолооор тодотгол хийнэ гээд зүтгээд байх юм. Хуульд тогтоолоор тодотгол хийдэг заалт байхгүй. Тодотгол хийдэг хэдхэн нөхцөл байдаг. Тэр нөхцлийн хүрээнд хийх ёстой. Тэрнээс сонгууль болох гэж байна. Хүүхдийн мөнгийг өгөх ёстой. Үүнийг УИХ-ын бүх гишүүн дэмжинэ гэдэг үндэслэлээр тодотгол хийнэ гэж байхгүй. Хуулиараа төсөвт тодотгол хийхгүйгээр мөнгө олгож болохгүй шүү дээ.

-Хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь “Хүний хөгжил сан” гэж байгаа шүү дээ. Энэ санд хэдий хэр хэмжээний мөнгө төвлөрсөн байгаа бол?

-Өнөөдөр хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр хаана байгаа нь тодорхойгүй байна. Эх үүсвэрийг нь яаж олж байгаа юм гэж асуухаар хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгө өгдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэ сан жил бүрийн орлогын тасалдал, эдийн засгийн уналт, орлогын тасалдлаас үүдээд их хэмжээний өрөнд орсон явж байна. Одоо “Хүний хөгжил сан” дээр орлого байгаа гэж яриад байх юм. Үнэндээ юу ч байхгүй шүү дээ.

Хүүхдийн мөнгө өгөөд, бусад зардлаа гаргаад явж байснаасаа шалтгаалаад өнөөдөр 220 гаруй тэрбум төгрөгийн бонд авсан байна. Зөвхөн энэ сан дээр байгаа. Мөн 220 гаруй тэрбум төгрөгийн бонд төлж байгаа хүү нь гэхэд 70 гаруй тэрбум төгрөг. Гэтэл 2016 онд “Хүний хөгжил сан”-д 250 тэрбум төгрөгийн орлого орно гэж байна. Тэгвэл орж байгаа орлого нь бий болсон өрөө төлж чадахгүй байдалтай байгаа. Дээр нь хүүхдийн мөнгө өгөхөөс гадна бусад зардлаа гаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрөө ямар ч мөнгөний эх үүсвэргүйг илэрхийлж байна.

-Бүх хүүхдийг хамруулахын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл 2016 оны төсөвт суулгасан мөнгөө бүх хүүхдэд тараана гэвэл ирэх наймдугаар сар хүртэл өгөх боломжтой. Үүнээс цаашхи орлогын эх үүсвэр нь тодорхойгүй байхад хэдий гишүүд дэмжээд нэмэргүй юм биш үү?

-Энэ нь Төсвийн тухай хуулийн хүрээндээ бол болохгүй асуудал юм. Жилд хэр хэмжээний зардал зарцуулахаа тооцож төсвөө баталдаг. Түүнээс найман сард 140 тэрбум төгрөг зарцуулна гэж төсөв батлаагүй. 12 сарын хугацаанд 140 тэрбум төгрөг зарцуулна гэж баталсан. Тэгэхээр найман сар хүртэл өгч чадна. Харин үүнээс хойш арванхоёрдугаар сар хүртэл өгч чадахгүй байгаа энэ асуудал нь өөрөө хууль давхар зөрчиж байгаа юм. Хэрэв хүүхдийн мөнгийг 140 тэрбум төгрөгтөө тааруулаад өгнө гэвэл мөнгөний хэмжээгээ багасгаад өг. Харин яг 20 мянгаараа өгөх зайлшгүй шаардлага байна гэвэл төсвийн тодотголоо хийгээд өгөх ёстой гэж үзэж байгаа.