Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээлээ
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээлээ
2016.01.14

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын гол зорилт бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх.

Энэ зорилтын хүрээнд өмнө нь төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандага бий болж буй хэрэг. Энэ соёлыг дэлгэрүүлэх учиртай. Олон жил ярьсан ажил өнөөдөр биеллээ олсонд сэтгэл өндөр байна” хэмээн хэллээ.

Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдэд учруулж буй хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Улаанбаатарт гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь Дүнжингарав худалдааны төвд үүдээ нээлээ. Цаашид Хан-Уул дүүргийн Мишээл ЭКСПО, Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байгуулахаар бэлтгэж байна. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ, ажлын өдөр уртасгасан цагаар, бямба гаригт ажиллах гэнэ.