2015.12.31

Залуу эрдэмтдийн холбоо 2015 оны "Шилдэг залуу эрдэмтэн"-ээ шалгарууллаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны 2015 оны "ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН"-ээр Ус цаг уур, орчины судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа  шалгарлаа.

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Д.Баттогтох

Энэ судлаач маань бакалавр, магистраа Москвагийн Их Сургуульд дүүргэсэн. Харин докторын зэргээ Сөүлийн Их Сургуульд хамгаалсан.

Г.ГАНТУЯАГИЙН СУДАЛГААНЫ АЖЛУУД

Улаанбаатар хотын дулаан арлын эрчмийн 1980-2010 оны цаг уурыг ажиглалтын мэдээ ашиглан хоног, сар, улирал, олон жилийн явц, хандлагыг судалж Улаанбаатар хотын дулаан арлын эрчим өвөл хамгийн их, зун хамгийн бага, үүнд үүлшил ихээхэн нөлөөдгийг тогтоожээ. 

Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгээр "Asia-Pacific Journal of Atmospheric Sciences", "Theoretical and Applied Climatology", "Meteorology and Atmospheric Physics", "Russian Meteorology and Hydrology", "Scientific Online Letters on the Atmosphere" зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд есөн өгүүллийг туурвиж хэвлүүлж, эдгээр бүтээлүүд нь  нийт 23 удаа (scholar.google.com/citations) ишлэгдсэн нь судлаачийн өөрийн шинжлэх ухааны салбарт хэрхэн амжилттай ажиллаж байгааг илэрхийлнэ. 

Залуу судлаач Г. Гантуяа нь гадаад улс оронд зохион байгуулагдсан 11 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, 2012 оны наймдугаар сард Ирландын Дублин хотод болсон Хотын уур амьсгалын олон улсын  хурлаас, 2014 оны хоёрдугаар сард АНУ-ын Атланта хотод болсон Америкийн цаг уурын нийгэмлэгийн 94-р хурлаас "Шилдэг илтгэл" шагналуудыг тус тус хүртсэн байна.