Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландинийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2015.12.24/ Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландинийг хүлээн авч уулзав.
Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин, цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Мөн тэрээр, 1992 оны нэгдүгээр сарын 22-нд Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1993 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн талаар дурдав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дэд дарга А.Бакей нар оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.