ДДНХБ /GGGI/ -тай үйл ажиллагааны цар хүрээгээ 2016-2020 онд нэмэгдүүлэх хүсэлтээ тавилаа
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.12.11

ДДНХБ /GGGI/ -тай үйл ажиллагааны цар хүрээгээ 2016-2020 онд нэмэгдүүлэх хүсэлтээ тавилаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Парис хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын бага хурлын 21 /COP21/ дүгээр хуралдаанд оролцож байгаа.

Хурлын хүрээнд олон улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай албан уулзалт, яриа хэлэлцээр хийж байна.

Н.Батцэрэг сайд “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/”–ийн удирдах зөвлөлийн дарга, Индонез улсын ерөнхийлөгч асан Сусило Бамбанг Юдойоно, Ерөнхий нарийн бичгийн дарга Иво де Буртай уулзаж хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/”нь өнгөрсөн 11 сард 4-р чуулган 8-р бага хурлаа хуралдуулж ирэх 5 жилд буюу 2015-2020 онуудадхэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байдаг.

Н.Батцэрэг сайд “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/”-ын Монгол улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтийг тавихын зэрэгцээ саяхан батлагдсан 2015-2020 оны үйл ажиллагааны чиглэлд нь өөрийн улсын саналуудаа тодорхой тусгуулахаар тохиролцлоо.

ДДНХБ нь хөгжиж буй орнуудад уур амьсгалд дасан зохицсон, нийгмийн эмзэг давхаргыг хамруулсан тэгш хуваарилалт бүхий эдийн засгийн өсөлтөд хүрэх шинэ арга замыг олоход нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм.

Франц улс, Парис хот.